Биеийн тамир, спортын анхдугаар үзлэг, тооллогын тайлан тархаах хурал боллоо

Mongolian

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний статистикийн хороо, Биеийн тамир, спортын газар хамтран Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг, тооллогыг анх удаа зохион байгуулж, өнөөдөр тайлан тархаах дүнгийн хурлаа хийж, олон нийтэд албан ёсоор мэдээллээ өглөө.Өнгөрсөн онд “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийг шинэчлэн батлуулсанаар бөгөөд энэ салбарт шинэ эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү улсын үзлэг, тооллого нь төр, засгийн бодлогыг нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, үндэсний бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулах, спортын салбарын төлөвлөлтийг хийхэд онцгой чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг, тооллогыг 2017 оны 11 дүээгр сарын 25-аас 2018 оны 02 дугаар сарын 01 хүртэл орон даяар зохион байгуулсан ба, аймаг, нийслэл, дүүрэгт тооллогын 30 түр товчоо байгуулагдан, сум, хороодод 548 тоологч томилж, ажиллуулан тооллогыг амжилттай зохион байгууллаа.Энэхүү анхдугаар үзлэг, тооллогын зорилго нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх заал талбайн хүртээмж, ашиглалт, барилга байгууламжийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, цол, зэрэгтэй тамирчид, шүүгч, дасгалжуулагчдын мэдээллийг гаргаж, тухайн спортын төрлийн хөгжил, тэдгээрийн орон нутаг болон улсын хэмжээнд хөгжсөн байдлыг тодорхойлох, урд жилүүдийн захиргааны статистикийн мэдээлэлтэй харьцуулалт хийх, цаашид Биеийн тамир, спортын статистик мэдээллийг боловсронгуй болгох, үр дүнтэй ашигладаг болгоход чиглэгдсэн юм.Тооллогын үр дүнд  Монгол Улсын хэмжээнд нийт 985 заал тоологдсоноос 272 (27.6%) Улаанбаатар хотод, 713 (72.4%) хөдөө орон нутагт байна. Монгол Улсыг бүсчилвэл нийт заалны 244 (24.8%) төвийн бүс, 220 (22.3%) хангайн бүс, 165 (16.8%) баруун бүс, 84 (8.5%) зүүн бүсэд байна.Спортын арга хэмжээ зохион байгуулах зориулалттай заалны талбайн хэмжээгээр Дархан-Уул аймаг 47 заалтай буюу 16621м2, Хөвсгөл аймаг 48 заалтай буюу 15512м2 талбайгаар хамгийн их байхад Говьсүмбэр аймагт 10 заалтай буюу 3624м2, Сүхбаатар аймаг 21 заалтай буюу 6312м2 -аар хамгийн бага үзүүлэлтэй байна.Нэг хүнд ногдох заалны талбайн хэмжээгээр хамгийн их нь Өмнөговь (0.267м2), Говьсүмбэр (0.262м2), Дундговь (0.241м2) аймгууд байгаа бол Улаанбаатар хот (0.095м2), Өвөрхангай (0.126м2), Сүхбаатар (0.127м2) аймгууд хамгийн бага байгаа зэрэг биеийн тамир, спортын салбарын статистикийн олон суурь үзүүлэлтүүдийг тодорхой болгож, шинэчлэгдэн, цаашдын бодлого, төлөвлөлтөө шинэчилж ажиллахад чухал үр дүнтэй ажил боллоо.Тооллогын үр дүнгээр гарсан үзүүлэлтийг Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангахад ашиглах ба цаашид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэхэд чиглэгдэх юм