Биеийн тамир, спортын газрын удирдлагууд Яйзү хотын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир, спортын газар "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох Монгол улсын Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг Япон улсын Шизүока мужийн Яйзү хотод хангуулах талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 оны 2 дугаар сарын 08 ны өдөр байгуулсан. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд Яйзү хотын орлогч дарга Ханда Мицүрү, Яйзү хотын Спортын албаны дарга Мацүнага Тошифүми, Яйзү хотын Спортын албаны мэргэжилтэн Окамото Казүки, Яйзү хотын гадаад харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам нар  Биеийн тамир, спортын газрын удирдлагуудтай уулзаж 2017 онд Яйзү хотод хийсэн Пара хөнгөн атлетик, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн талаар танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар харилцан санал солилцлоо.