Г.Болдбаатар аварга буурь зааж түрүүллээ

Дюссельдорфын Гран При тэмцээний эхний өдөр Үндэсний шигшээ баг болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин 2014 оны Чельябинскийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар түрүүллээ. Тэрбээр мөнхийн өрсөлдөгч Гүржийн Амиран Папинашвилиг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэн. Харин 2013 оны Рио де Жанейрогийн ДАШТ-ий мөнгөн медальт, ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин Английн Ашлей МакКензыг вазари үнэлгээгээр ялж, IJF-ийн дэлхийн цуврал тэмцээнүүдээс 7 дахь хүрэл медалиа хүртлээ. Харин Г.Болдбаатар аваргын хувьд 7 дахь түрүүгээ хүртлээ.
Мөнх "Рио-2016" зуны олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл, Универсиад наадмын аварга гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа IJF-ийн дэлхийн цувралаас 17 дахь /8 алт, 5 мөнгө, 4 хүрэл/ медалиа авлаа. Тэрбээр аваргын төлөө эзэн орны бөх Тереза Штоллтой хүч үзсэн ч нэмэлт цагт вазари үнэлгээгээр дийлджээ.