"ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЕЙН" СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО

Mongolian

       Дэлхий нийтээр тоон технологийг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх чиг хандлагыг баримталж байна. 

       Манай улс ч мөн адил дэлхийн жишгээр тоон технологийг нэвтрүүлэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар олон улсын туршлагаас хуваалцаж байна. 2018 оны 5 дугаар сарын 17, 18 ны өдрүүдэд болсон "ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЕЙН" сэдэвт семинар нь цахим засаглалыг хөгжүүлэх дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхийн зэрэгцээ блокчейны талаарх мэдлэг мэдээллийг зузаатгах ач холбогдолтой юм. 

      Энэхүү семинарт УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ХХМТГ-ын дарга Б.Чинбат болон яам, агентлагийн удирдлагууд , эрдэмтэн судлаачид, Блокчейн технологи нэвтрүүлсэн Азийн орны төлөөлөл оролцож байна. 

     Монгол улсын засгийн газраас цахим засаглалыг хөгжүүлэх, ухаалаг, хялбар төрийн үйлчилгээг бий болгоход анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системийг хөгжүүлж цаасгүй технологи, цаг зав хэмнэсэн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. 

    Одоогийн байдлаар ХУР системд төрийн 27 байгууллага нэгдэж иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Мөн хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд ХУР системийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхлээд байна. 

    Цаашлаад төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Цахим бодлогын түр хороо" байгуулах асуудлыг УИХ хэлэлцэх гэж байна. Мөн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэхээр зорин ажиллаж байна.