САППОРО 2017-ИЙН ӨӨР НЭГ АМЖИЛТ

8 дахь удаагийн Азийн өвлийн наадмыг зохион байгуулж буй Саппоро хот өмнө нь олимпийн наадмыг хүлээн авч байсан туршлагатай улс. Тэд 1972 онд Өвлийн 11-р Олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жилийн Азийн наадамд нийт 1200 тамирчин өрсөлдөж байгаа нь 45 жилийн өмнөх олимпийн наадамд оролцсон тамирчдын тооноос илүү гарсан хэрэг болсон юм. 1972 онд нийт 35 улсын 1006 тамирчин Саппород ирж өрсөлдөж байжээ. Манай улсаас тухайн үед нийт 4 тамирчин цана болон тэшүүрийн төрөлд өрсөлдөж байсан бөгөөд нээлтийн ажиллагаанд тугчаар тэшүүрийн спортын ууган гавьяат тамирчин Л.Цэнд ажиллаж байв. Ташрамд дурьдахад Монголын хоккейн багийн тоглолтоо хийж байгаа Микахо Гимназиумд Саппоро 72 наадмын уран гулгалтын тэмцээн явагдаж байсан түүхтэй ажээ.