Спортын салбарт гурван гавьяат мэндэллээ

Сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс эх орондоо ихийг бүтээсэн зарим хүнд өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардууллаа. Үүнд манай спортын гавьяат гурваар нэмэгдсэн байна. Тухайлбал "Рио-2016" наадамд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн анхны багш, "Рио-2016" паралимпийн хүрэл медальт гавьяат тамирчин Болормаагийн Ууганхүүг дасгалжуулсан БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Чоёндоржийн Базарсүрэнг гавьяат дасгалжуулагч, "Бээжин-2008" зуны олимпийн наадамд боксын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллан нэг алт, нэг мөнгөн медаль авхуулсан, "Рио-2016" олимпийн наадмын ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай Дамдинбазарын Батсүрэнг гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Үндэсний шигшээ баг болон "Хасу мегастарс" клубийн тамирчин, ОУХМ Даваасүхийн Отгонцэцэгт гавьяат тамирчин цолыг олгосон. Шинэхэн гавьяатуудыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамц хүлээн авч уулзан баяр хүргэлээ.