"СПОРТ БИДНИЙ БАХАРХАЛ" СЭДЭВТ ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ СУРГУУЛИУДАД ЗОХИОГДОЖ БАЙНА.

Mongolian

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газраас  нийслэлийн 6 тусгай сургуулийн хүүхдүүдэд биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг нөхөн сэргээх, чийрэгжүүлэх, олон нийтийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Спорт  бидний бахархал” сэдэвт цуврал өдөрлөгийг зохион байгуулж байна.“Спорт  бидний бахархал” сэдэвт цуврал өдөрлөгийн нээлтийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулиудад тус тус зохион байгууллаа.“Спорт  бидний бахархал” сэдэвт өдөрлөгт бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдан оролцлоо. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль дээр байрнаас уртын харайлт, нисдэг тавагны тэмцээнийг нийт 120 сурагчдын дунд, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль дээр даам, 60 м-ийн хөтлөгчтэй гүйлтийн тэмцээнийг нийт 45 сурагчдын дунд зохион байгуулж, дүнгээ гаргалаа.“Спорт бидний бахархал” сэдэвт өдөрлөгт амжилттай оролцсон сурагчдад  ЗГХА-БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн захирал Сүхбаатар, сургалтын менежер Энхцолмон, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирал Энхзул, биеийн тамирын багш Б.Халиун нар  өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг гардуулан, сурагчдад амжилт хүслээ.Оюуны бэрхшээлтэй хүүхдийн 63 дугаар тусгай сургууль дээр “Спорт  бидний бахархал” сэдэвт өдөрлөгийн хаалтыг 2018 оны 5 дугаар сарын 21-нд сагсан бөмбөг, бочияагийн тэмцээнийг нийслэлийн тусгай 6 сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдад өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг гардуулан тэмцээн өндөрлөнө.                                                                                                                          ---оОо---