"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн тамирын хичээлийн арга зүйг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хурлын танхимд  зохион байгууллаа. Сургалтад БСШУСЯамны Тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн, Боловсролын хүрээлэнгийн Тусгай хэрэгцээт боловсрол болон биеийн тамирын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнууд, нийслэлийн оюуны бэрхшээлтэй хүүхдийн 25, 55, 63, 70 дугаар сургууль, харааны бэрхшээлтэй  хүүхдийн 116-р сургууль, сонсголын бэрхшээлтэй  хүүхдийн 29 дүгээр сургуулиудын сургалтын менежер, эмч, эмчилгээний болон биеийн тамирын багш нар, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн биеийн тамирын арга зүйч, Баянзүрх дүүргийн БТСХ-ны мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Усан спорт төвийн дасгалжуулагч, Монголын Үндэсний Паралимпийн хорооны ажилтан, дасгалжуулагч нар, ҮБТДС-ийн эмчилгээний биеийн тамирын ангийн оюутны төлөөлөл зэрэг байгууллагуудаас нийт 60 хүн хамрагдлаа.Сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар, БСШУСЯамны харъяа Боловсролын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Сургалтын нээлтийн ажиллагаанд БСШУСЯамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БСШУСЯамны Тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн Батцэцэг, ЗГХА-БТСГ-ын дарга МУГТ Ц.Шаравжамц, ЗГХА-БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, Боловсролын хүрээлэнгийн тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэвэгмид, Биеийн тамирын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Энхтөр зэрэг албаны хүмүүс оролцлоо. Тус сургалтад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн тамир, спортын үйл ажиллагааны эрх зүйн орчин”, “Оюуны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд эмчилгээний биеийн тамирын ганцаарчилсан хичээлийг заах арга зүй”, “Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд биеийн тамирын хичээлийг заах арга зүй”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуульд биеийн тамирын хичээлийг заах арга зүй” зэрэг видео хичээлүүд, “Хөгжлийн бэрхшээлтэй болон бага ангийн сурагчид, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан орон зайн баримжаа, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх биеийн тамирын хэрэглэгдэхүүн”, “Адаптиная спорт – дасан зохицох” зэрэг хичээлүүдийг багш нарт сонордууллаа. Сургалтыг зохион байгуулсан нь тусгай сургуулиудын биеийн тамирын багш нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй сайжирч, биеийн тамир, эмчилгээний биеийн тамирын хичээлийн чанарт ахиц гарах, харилцан туршлага солилцох, уялдаа холбоо сайжрах үр дүнтэй ач холбогдолтой боллоо. Сургалтад оролцсон оролцогчдод “Хууль тогтоомжийн эмхэтгэл”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах гарын авлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлүүдийн зурагт  хуудас”-ыг олголоо.