ЕРӨНХИЙЛӨГЧ ТАМИРЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг өнгөрөгч даваа гаригт Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа Төрийн ордонд хүлээн авч, баяр хүргэлээ. Тус тэмцээнд манай улсаас нийт 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд 13 алт, 19 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль хүртэж, багийн дүнгээр зохион байгуулагч орны дараа хоёрдугаар байрт орсон билээ. Тэмцээний төрөл тус бүрээр ангилбал үндсэн төрөлд 17 медаль (4 алт + 6 мөнгө + 7 хүрэл), рапид буюу түргэн тоглолтын төрөлд 16 медаль (6 алт + 6 мөнгө + 4 хүрэл), блиц буюу түргэвчилсэн тоглолтод 15 медаль (3 алт + 7 мөнгө + 5 хүрэл) авчээ. Манай даамчдаас 28 тамирчин тивийн аваргын медаль хүртсэн юм.