ДАРХАНЫ АВАРГА ДААМЧИД ТОДОРЛОО

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын 55 жилийн нэрэмжит аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү нээлттэй тэмцээнд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн 40 гаруй даамчин оюун ухаанаа уралдуулсан юм. Швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргахад СЭЗДС-ийн оюутан, дэд мастер Д.Дөлгөөн боломжит 16 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, аймгийн аварга даамчнаар тодорлоо.

ТӨВИЙН БҮСИЙН ДААМЧИД ӨРСӨЛДӨВ

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, 100 буудалт даамын спортын мастер А.Шижээгийн нэрэмжит төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13-нд Архангай аймагт боллоо. Аймгийн даамын холбоо, А.Шижээгийн гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулж, ивээн тэтгэсэн тус тэмцээн Эрдэнэбулган сумын Багшийн сургууль дээр болсон бөгөөд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Улаанбаатарын 200 гаруй тамирчид таван насны ангиллаар өрсөлдсөн юм.

ИХ МАСТЕРУУД ТӨРСӨН ӨДӨРТӨӨ БЭЛЭГ БАРИВ

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох ээлжит тэмцээн “Эрчим Кап 2018” энэ сарын 11-13-ны өдрүүдэд Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Хоёр дахь жилдээ зохиогдсон энэхүү тэмцээнд 68 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд Монголын 7 их мастер цолтон бүгдээрээ оролцсон нь онцлог байв.