"СПОРТЫН САЛБАР ДАХЬ ЖЕНДЭР БА ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ЭРХ" ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Mongolian

Монголын эмэгтэйчүүдийн сангийн санаачлага, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” төслийг 2019 оны 3-6 сарын хугацаанд Эмэгтэй удирдагч сан нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газартай хамтран хэрэгжүүллээ. Тус төслийн хүрээнд хүндийн өргөлт, жүдо, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас тандалтын судалгаа авч жендэрийн дүн шинжилгээний тайланг эмхтгэн гаргажээ.

ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
Спортын салбар нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд дасгалжуулагчид, тамирчид тасралтгүй байнгын дасгал, бэлтгэл сургуулалтыг системтэйгээр хийж байж амжилтанд хүрдэг. Өөрөөр хэлбэл цагийн нарийн төлөвлөгөөтэй, чөлөөт цаг багатай. Гэсэн хэдий ч тамирчид зөвхөн бэлтгэл сургуулалтаас гадна өөрсдийн оюун ухаан, хүний эрхийн талаарх мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх, хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа энэ удаагийн судлагаа, бодлогын дүн шинжилгээнээс харагдаж байна.
Олон улс болон ЕХ-ны улс орнуудын спортын салбарт хэрэгжүүлж буй эрх зүй, дүрэм, журам болон бодлого, хөтөлбөрт жендэрийн үзэл баримтлалыг тусгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа нь бидэнд суралцах боломж бүхий ололт юм. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, МҮОХ нь НҮБ, ЕХ, ОУОХ-ноос бүх улс орнуудад уриалсан Брайтоны тунхаглалын зүйл заалтаас бодлого хөтөлбөртөө тусгах, олон улсаас хэрэгжүүлж буй гэрээ, конвенцийн заалт, зөвлөмжийг мөрдлөг болгон салбарын хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгоход дагаж мөрдөх, түүнчлэн үндэсний түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хэрэгжүүлж буй хууль, бодлоготой уялдуулан сайжруулах хэрэгцээ шаардлага байна.
Энэхүү хэрэгцээ шаардлагыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь биеийн тамир, спортын салбарын бодлого жендэр мэдрэмжтэй болох, тамирчдын эрх, ашгийг хамгаалах ялангуяа эмэгтэй тамирчдын эрхийг хамгаалах, ур чадварыг нэмэгдүүлэх, илүү их спортын амжилт үзүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байна.
Цаашлаад спортын салбарт тогтсон жендэрийн хэвшмэл ойлголт, байдлыг өөрчлөх, шинэ орчинг бүрдүүлэх, тамирчид болоод дасгалжуулагчид харилцан бие биеэндээ хүндэтгэлтэй харьцах соёлыг төлөвшүүлэхэд нөлөөлнө.
Салбарын удирдах ажилтнууд цаашид салбарын удирдлага, дасгалжуулагч, тамирчдын хууль, эрх зүй, жендэрийн талаарх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх талаар анхаарах хамтран ажиллах саналыг энэхүү судалгааны хүрээнд гаргасан. Биеийн тамир, спортын салбар, төрийн бус байгууллагууд харилцан зөв ойлголцож, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн эхлэл тавигдаж чадсан гэж үзэж байна. Тус салбарт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо болон эмэгтэй дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэхэд зохих арга хэмжээнүүдийг төлөвлөн, нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлага байна. Бодлогын жендэрийн дүн шинжилгээний хүрээнд хийгдсэн судлагаанд хамрагдсан хүмүүс бүгд жендэр, хүний эрхийн чиглэлээр тус салбарын хууль, бодлогыг олон улсын стандартад нийцүүлэн нэмэлт өөрчлөлт хийх, сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлэг хийх хэрэгцээ байгааг онцолжээ.