ИХ МАСТЕР Г.ГАНЖАРГАЛ ТҮРҮҮЛЭВ

Дулааны цахилгаан станц IV төрийн өмчит хувьцаат компанийн нэрэмжит “Эрчим Кап 2019” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн өнгөрөгч бямба гаригт Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд боллоо. Гурав дахь жилдээ болсон тус тэмцээн түргэн тоглолтын төрлөөр зохиогдож, нийт 83 тамирчин оролцсон байна.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад олон улсын их мастер Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 16 оноогоор аваргалж, Дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд (“Энэрэл” клуб), спортын мастер Д.Эрдэмбилиг (“Эрчим” клуб) нар тус бүр 14 оноогоор удааллаа. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд СМ Е.Ариунзаяа (“Дебют” клуб), ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб), ахмадын ангилалд ДМ Г.Алтангэрэл (ЧД), Б.Баатарсүрэн (СХД), өсвөрийн U-17 ангилалд СМ А.Дашчирэв (“Сонгодог байрлал” клуб), У.Номин-Эрдэнэ (“Ирээдүй” клуб), U-12 ангилалд ДМ Б.Баасанбар (“Сонгодог байрлал” клуб), СМ Э.Энххүслэн (БЗД) нар шагналын эзэд болжээ.

“ТАШКЕНТ 2019” ТООНЫ ХЭЛЭЭР

  • Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 46 тамирчин оролцлоо. Эдгээрээс 30 тоглогч медаль хүртжээ.
  • Монголын баг тамирчид нийтдээ 59 медаль (15 алт + 25 мөнгө + 19 хүрэл) хүртсэн. Тухайлбал 100 буудалт даамын үндсэн төрөлд 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл, блиц төрөлд 2 алт, 7 мөнгө, 5 хүрэл, рапид төрөлд 2 алт, 8 мөнгө, 5 хүрэл, 64 буудалт даамын үндсэн болон блиц төрлөөс тус бүр 1 хүрэл, рапид төрөлд 1 мөнгөн медаль зүүжээ. Харин турк даамын төрөлд 5 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэн, багаараа тэргүүлсэн байна.

Э.ХҮСЛЭН, Г.ГЭРЭЛМАА НАР БЛИЦ ТӨРӨЛД АВАРГАЛАВ

Өнөөдөр (6.30) Азийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөл болж өндөрлөлөө. Түргэвчилсэн тоглолтоос Монголын баг тамирчид 2 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд ДДХМ Э.Хүслэн, 8 хүртэлх насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гэрэлмаа нар аваргалжээ.

Клуб, секц, дугуйлангууд