А.ЧИЖОВ "МОНГОЛЫН ДААМЧИД"-Д НЭГДЭВ

Сошиал орчинд үйл ажиллагаагаа хамгийн идэвхтэй явуулдаг спортын холбоодын нэг бол Монголын даамын холбоо. Тус холбооны мэдээ мэдээлэл http://mondaam.mn, http://www.sport.gov.mn/daam вэб сайт дээр нийтлэгдэхээс гадна фэйсбүүкийн "Монголын даамын холбоо" пэйж хуудас, "Монголын даамчид", "100 буудалт даам" зэрэг томоохон группүүд дээр тогтмол гардаг билээ. Тэр дундаа "Монголын даамчид" буюу "Mongolian Draughts" бүлгэмд гадны томоохон даамчид өөрсдийн бичсэн өгүүлэл, сонирхолтой аниализ, бодлого, этюдыг нийтлэх нь олонтаа. Тухайлбал Украины их мастер Юрий Аникеев, Оросын их мастер Иван Трофимов, Голландын их мастер Воутер Сипма, ДДХМ Эндрью Тьон А'Онг, Хорватын бодлого зохиогч, аналист Милош Лепшич, Пакистаны даамын холбооны ерөнхийлөгч Икбал Ахмед нарыг дурдаж болно. Тэгвэл дэлхийн 10 удаагийн аварга, Оросын алдарт даамчин Алексей Чижов саяхан "Монголын даамчид" группт элсэх хүсэлтээ гаргасан байна.