И.ТРОФИМОВ "TURKISH OPEN"-ИЙ ЯЛАГЧ

Туркийн Измир хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд Дэлхийн цомын тэмцээний нэг цуврал болох "Turkish Open" олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн боллоо. Хоёр дахь удаагаа зохиогдож байгаа эл тэмцээнд 10 улсын 38 тамирчин оролцсоны 18 нь олон улсын их мастер (гроссмейстер) цолтой даамчид байв. Өнгөрсөн жилийн тэмцээнд ч гэсэн оролцогчдын тэн хагас нь их мастер цолтнууд байсан юм.

Дулаан уур амьсгал, тэнгис далайгаараа жуулчдыг татдаг Измирт ийн дэлхийн хамаг томчууд цуглах болсны гол шалтгаан нь оны төгсгөлөөр БНХАУ-д болох супер шагналын сан бүхий IMSA Elite Mind Games тэмцээнд оролцох эрхийн төлөөх оноо авах чухал ач холбогдолтой тэмцээн байсантай холбоотой биз ээ. Тэр ч хэрээр маш ширүүн өрсөлдөөн өрнөсөн. Эхний 2 тойргийн дараах байдлаар бүтэн хоёр хожилтой хүн ганц ч гараагүй нь үүнийг илтгэнэ.

Ингээд 9 тойргийн дараах байдлаар +3 буюу 12 оноо авсан Санкт-Петербургийн их мастер Иван Трофимов тэмцээний ялагчаар тодорч, 11 оноотой 9 тамирчнаас коэффициентийн давуугаар дэлхийн олон удаагийн аварга Алексей Чижов, Укрианы их мастер Юрий Аникеев мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд эхний 7 тавилын турш Беларусийн Ольга Федорович тэргүүлж явсан. Эгч Ольга таван эрэгтэй их мастертай тэнцсэн. 8 дахь тойрогт түүнийг Укрианы Юлия Макаренкова гүйцэж ирсэн хэдий ч тэрбээр сүүлийн тавилдаа Камеруны хүчтэй ОУМ Томми Мбонгод хожигдсон юм. Үүнийг экс-дэлхийн аварга Наталья Садовска овжноор ашиглан 10 оноотой болсноор эмэгтэйчүүдийн аваргаар тодорлоо.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг http://fmjd.org/results/tournaments/2018/f_939/final_standings&9.html үзнэ үү.