ДААМ БОЛ СПОРТ, БАС УРЛАГ

Украины их мастер Виктория Леонтьевна Мотричко 1989 оны 3-р сарын 10-нд Одесст төржээ. Түүний томоохон амжилтуудаас дурвал бразил даамын дэлхийн аварга (2007) болж, орос даамаар ДАШТ-ий мөнгө (2005), хошой хүрэл (2009, 2011) медаль хүртэж, Дэлхийн оюуны спортын анхдугаар наадам (2008), Европын АШТ (2014)-д түрүүлсэн. Харин зуун буудалт даамаар ДАШТ-ий 3 мөнгө, 2 хүрэл, Европын аваргын 4 мөнгө, 4 хүрэл, 1 хүрэл медальтай. Түүний Одессийн нэгэн сонинд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.  

          - Виктория, та хоёр жил дараалан улсынхаа шилдэг эмэгтэй тамирчдын нэгээр шалгарлаа. Өнгөрөгч 2019 оны дурсамжаа хуваалцаач?

          - Өнгөрсөн жил би Европын аварга шалгаруулах тэмцээний блиц, рапид төрөлд аваргалж, Дэлхийн цомын Роттердамын гараанд тэргүүлж, Лишуйд удаалан, IMSA World Masters Rapid тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Мөн блицийн дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж, Украины АШТ-ээс хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ. Өөрөөр хэлбэл 2019 онд хангалттай сайн амжилт үзүүлсэн гэж бодож байна. Гэхдээ үүгээр сэтгэл ханаж болохгүй, илүү өндөр амжилтын төлөө тэмүүлэх болно. Георгий Подставкин, Анатолий Гантварг хэмээх хоёр шилдэг дасгалжуулагчтай хамтран ажиллаж байгаа үед энэ нь тийм ч боломжгүй зүйл биш.  

          - Медалийн цуглуулгаа жил бүр тив, дэлхий, олон улсын чанартай 10 гаруй медалиар арвижуулдаг хэрэг үү. Ингэхэд медаль, цомоо хаана хадгалдаг вэ?

          - Шагналын маань ихэнх нь Одесст, үлдсэн хэсэг нь Минскт бий. Удахгүй шагнал хадгалах тусдаа өрөө шаардлагатай болж байх шиг (инээв).

          - Охин тань даам сонирхож байна уу?

          - Тэгэлгүй яахав, даамын гэр бүлд төрсөн болохоор Николь даам тоглох дуртай. Миний нөхөр Владислав Беларусийн болон FMJD-ийн мастер цолтой тамирчин хүн. Намайг ийш тийшээ тэмцээн уралдаанд яваад ирэхэд охин маань “Ээж ээ, надад даам заагаад өгөөч. Би сайн тоглож сураад тантай хамт тэмцээнд явахыг хүсч байна” гэдэг. Даамаар үргэлжлүүлэн хичээллэх эсэхийг нь цаг хугацаа л харуулах байх.

          -Даамын спортоор хичээллэдэг миний нэг танил охин энэ асуултыг танаас заавал асуугаарай гэсэн юм. Тэр таныг багадаа хожигдчихоод уйлдаг байсан эсэхийг тань мэдэх гэсэн хэрэг л дээ...

          - Багын л хожигдох тун дургүй хүүхэд байлаа. Тийм ээ, хожигдчихоод уйлдаг байсан. Бүр нэг бус удаа шүү. Энэ бол байдаг л зүйл. Яагаад гэвэл бид чинь адилхан хүн. Гэхдээ би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн. Тэр ч утгаараа баярлах, гунихдаа нулимс унагах нь элбэг. Хамгийн гол нь ялагдлаас ашигтай сургамж авч чаддаг байвал олон дахин уйлах хэрэг гарахгүй.

          - Даамаар хичээллэхийн яг юу нь танд таалагддаг вэ?

          - Энэ спортоор хичээллэх, аливаа бодлогынх нь шийдлийг олох надад таалагддаг. 

          - Тоглолтод өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

          - Даамыг энгийн нэгэн хөлөгт тоглоом гэж үздэг хүн маш олон бий. Гэхдээ тийм биш ээ. Харахад энгийн юм шиг хэрнээ гайхамшигтай тоглоом. Зуун буудалт даамын дундаж нэгэн өрөг 4-5 цаг үргэлжилдэг. Ялангуяа өндөр түвшинд өрсөлдөхөд маш их тэвчээр, төвлөрөл, биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэл шаардлагатай. Миний хувьд онолын бэлтгэлжилтээс гадна тоглолтод биеэ бэлтгэхэд 40 орчим минутыг зарцуулдаг. Өмсөх хувцас, нүүрний будалт гээд сонголт хийхэд заримдаа 1 цаг орчим ч бэлтгэх болдог. Тэмцээнээ хүндэтгэж сайхан харагдах ёстой шүү дээ.

          - Даам бол эрэгтэй, эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөж болдог цөөхөн спортын нэг. Эрчүүдтэй тоглохдоо тэдний сэтгэлийн түгшүүрийг мэдэрдэг үү?

          -Тийм ээ, үнэндээ тэдэнд бидний эсрэг тоглох нь хэцүү байдаг. Эрчүүд өөрсдийгөө илүү ур чадвартай, ухаантай гэж боддог учраас дотроо “Заавал хожно” гэж боддог. Энэ нь эргээд өөрт нь сэтгэлзүйн дарамт болдог байж болох талтай.

          - Эрэгтэй их мастеруудтай хэрхэн тоглосноо бүртгэдэг үү. Хожлын харьцаа хэд болсон бэ?

          - Үгүй ээ, яах гэж. Гэхдээ миний хувьд Шварцман, Чижов, Георгиев зэрэг супер их мастеруудыг хожиж үзээгүй л байна.

          - Эрчүүдтэй өрсөлдсөний дараа эмэгтэйчүүдтэй тоглох нь хялбар байдаг уу?

          - Хамаагүй өөр тоглолт болдог гэдгийг хэлэх байна. Эрчүүдтэй өрсөлдөхөд хожлын тухай бодохоосоо анхааралтай тоглох шаардлагатай байдаг. Харин эмэгтэйчүүдтэй тоглохдоо аль болох хожих, бүхэл оноо авахыг хүсдэг. Ингэж хүсэхийн хэрээр бас л асуудал тулгардаг.

          -Өрсөлдөгчдийн хооронд нөхөрлөл байж болох уу?

          -Яагаад болохгүй гэж? Нөхөрлөл бол нөхөрлөл, спорт бол спорт шүү дээ. Гэхдээ бас энэ бүхэн саад болох нь бий. Бүх оюун санаагаа хөвчлөн зөвхөн хожих зорилготой ороод ирэхэд хөлгийн ард найз чинь сууж байвал яах вэ. Энэ тохиолдол бүх зүйлийг ялгаж салгах хэрэгтэй болдог.   

          - Даамын тэмцээний үеэр гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохиовол таныг түрүүлэх нь гарцаагүй гэлцэх юм билээ?

          - Албан ёсны биш ч гэсэн интернэтээр явуулсан санал асуулгад би түрүүлсэн удаатай.

          - Шатрыг спорт, мөн шинжлэх ухаан, урлагийн мөн чанарыг ч агуулсан гэдэг. Харин даам?

          - Спорт, бас урлаг. Үүнийг баттай хэлнэ. Харин шинжлэх ухаан гэж тодорхойлмооргүй байна.

          - Улсаас хэр зэрэг тусалдаг вэ?

          - Хот, муж, улсаас боломжийнхоо хэрээр гар сунгадаг. Хэрвээ улсаас цэцэрлэг, сургууль, их сургуульд даамыг хөгжүүлж, санхүүгийн туслалцаа үзүүлдэг бол даамын спорт жинхэнэ утгаараа хөгжих болно.

          - Танд өөр улсын нэрийн өмнөөс тоглох санал ирвэл хүлээж авах уу?

          - Үгүй ээ, би Украиндаа хайртай.

          - Гарын шавиа бэлдэж байгаа юу. Даамын спортоор эхлэн хичээллэгсдэд юу зөвлөх вэ?

          - Одоогоор шавь бэлдсэн зүйл алга. Яваандаа болох биз. Даамаар амжилт гаргахын тулд тэсвэр тэвчээр, хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал. Мөн олон зүйл дасгалжуулагч, эцэг эхчүүдээс шалтгаалдаг.

          - Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

          - Зурагт бараг үздэггүй. Үзвэл түүхэн, танин мэдэхүйн, зөгнөлт кинонууд үзэх дуртай. Ном ч гэсэн адилхан. Мэдээж даамын холбогдолтой ном үзэж судалдаг.

          - Магадгүй танд үргэлж ялахад чинь тусалдаг ямар нэгэн сахиус гэж байдаг уу?

           - Надад аз авчрагч сахиус гэвэл гэр бүл, найз нөхдийн маань дэмжлэг юм.

 

Орчуулсан ОУИМ Р.Манлай