1100 ДААМЧИНТАЙ СУРГУУЛЬ

Ерөнхий боловсролын 42-р сургууль байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зуун буудалт даамын 1000 сурагчийн тэмцээнийг өнгөрсөн баасан, бямба гаригт зохион байгууллаа. Тэмцээнд тус сургуулийн 1-12 дугаар ангийн 1108 сурагч 5-7, 8-10, 11-13, 14-16, 17-18 насны ангилалд өрсөлдсөн юм. Сонирхуулахад БСШУСЯ-наас тус сургууль дээр хүүхдийг даамаар хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаад бөгөөд Монгол Улсын хэмжээнд нэг сургуулиас 1000 илүү даамчин оролцуулсан анхны тохиолдол болсон байна. Тэмцээнийг “Өмнийн өнгө” ХХК, Ус сувгийн удирдах газраас ивээн тэтгэжээ.

"БАГШИЙН АЛДАР" ТЭМЦЭЭН БОЛОВ

1980-аад оны сүүлч, 90-ээд эхээр Төмөр замын "Хонхор" өртөөнөөс олон шилдэг даамчдыг бэлтгэн гаргасан БТС-ын тэргүүний ажилтан Л.Энхцогт агсны нэрэмжит "Багшийн алдар" өсвөрийн даамчдын рапид тэмцээн өнгөрсөн ням гаригт 29-р дунд сургууль дээр боллоо. Түүний шавь нарын дундаас өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга, улсын 7 удаагийн аварга, МБАТС-ын хошой аварга ОУИМ Г.Ганжаргал, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, улсын 7 удаагийн аварга ДДХМ Н.Мөнхтуяа, улсын 5 удаагийн аварга ДДХМ С.Саранцэцэг, улсын хошой аварга, "Азийн хүүхдүүд" анхдугаар наадмын аварга СМ Г.Энхтуяа, УАШТ-ий хүрэл медальт СМ З.Ганбаатар нарын олон шилдэг даамчид төрөн гарсан түүхтэй.

М.ХИШИГБАЯР АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын анхдугаар тэмцээн 2019 оны 3-р сарын 12-17-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна.