Түүх

Товч түүх /үүсэл хөгжил/

Монгол улсад волейболын спорт хоёр замаар үүсэж дэлгэрсэн гэж үздэг. Манай оронд ардын засаг тогтсон анхны жилүүдээс эхлэн ард түмний эрүүл мэндийг бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, хөдөлмрт бэлхэн байх чадварыг нэмэгдүүлэх гол хэрэглүүр нь биеийн тамир спорт гэж үзэж түүнийг хөгжлүүлэх талаар олон чухал арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлж иржээ.

Ардын засгийн жилүүдэд байгуулагдсан бага сургуулийн сурагчдад заах биеийн атмирын хичээлийн анхны программыг 1925 онд боловсруулан гаргажээ. Уг программын 2-р зүйлд “Гадаад улсын их ба бага бөмбөг зэргийн элдэв наадам үүсгэвээс зохино” гэж заажээ. Манай улсад 1921 онд ялсан ардын хувьсгалын дараах жилүүдэд ЗХУ-аас ирж ажиллаж байсан мэргэжилтэн нөхдүүд хоорондоо бөмбөгөр тоглон нааддаг байсан нь залуу үеийнхний дунд тусгалаа олж, бөмөг буюу бөөрөнхийлсөн бөс даавуу, ноосыг тодорхой дүрэм, журамгүйгээр газарт ойлгох, агаарт алгадан хөөргөх, харилцах, шидэлцэх зэрэг бөмбөгөөр тоглох анхны үзэгдлүүд бий болжээ. Манай оронд жинхэнэ волейбол үүсэж хөгжих эхлэл нь тэр үед ЗХУ-д суралцаж байсан Монголын оюутнууд уг тоглоомыг сонирхон сурч тоглож байсантай шууд холбоотой. 

ЗХУ-ын Эрхүү хотын “Рабочий факультет” буюу “Рабфак”-т суралцаж байсан монгол оюутнууд 1927 онд МХЗЭ-ийн Төв Хорооны нэр дээр бичсэн захидалдаа: “Монголын оюутан сэхээтэн бид зөвлөлтийн залуучуудын дунд хөгжиж байгаа волейбол хэмээх тоглоомын дүрэм, журмыг ихэд сонирхон судалж байна” гээд энэ тоглоомыг монгол түмнийхээ дунд дэлгэрүүлэн хөгжүүлэх санаагаа дурдаж “Волейболын хоёр бөмбөгийг нэг торны /сетка/” хамт бэлэг болгон илгээжээ. МХЗЭ-ийн Төв Хороо эдгээр зүйлийг хүлээн аваад тор, бөмбөг зэргийг нь цэргийн залуучуудын байгууллагад баяр ёслолын байдлаар гардуулан өгч, волейбол хэмээх тоглоомыг залуучуудын дунд дэлгэрүүлэн хөгжүүлэхийг даалгаж, улмаар монголын нийт залуучуудыг уг спортоор сонирхон хичээллэхийг уриалсан байна.

Энэ үйл явдлаас улбаалан 1928-1929 оны үед зарим сургуулийн хашаа болон цэргийн анги, нэгтгэлийн биеийн тамирын талбайд волейболын анхны талбайнууд бий болжээ. Энэ л үеийг волейбол манай оронд шинэ тутам нэвтэрч байсан үе гэж үздэг.