Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
“Токио-2020” зуны олимпийн наадмын бөхийн төрлүүдийн Ази тивийн эрх олгох тэмцээн энэ сарын 9-11-нд Казахстаны Алматы хотын 5000 мянган хүний суудалтай “Балуан Шолак” спорт цогцолборт боллоо. Сүүлийн өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан болж манай бөхчүүд олимпийн нэг эрх, мөнгөн медальтай тэмцээнээ өндөрлүүлэв. 125 кг-ын жинд ОУХМ М.Лхагвагэрэл үдээс өмнө Пакистан, Кыргызстан, Японы тамирчдыг ялж шигшээд шалгарч олимпийн эрхээ халаасалсан. Шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга, эзэн орны Юсуп Батырмурзаевтай хүч үзэж 2:4-өөр ялагдлаа.
Харин 57 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалийн төлөөх барилдаанд Тажикистаны Мухамад Икромовт 6:6-гаар, 74 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бат-Эрдэнэ Кыргызстаны Эламан Догдурбек Уулуд 2:2-оор ялагдсан.
Эрэгтэй бөхчүүдээс Ази тивээс бөхийн орон Иран бүтэн багаараа Токиогийн олимпод зодоглох бол Казахстан тав, Узбекистан дөрөв, Энэтхэг, БНХАУ гурав, Монгол, Япон хоёр, Кыргызстан улс нэг эрх аваад байна. Олимпийн эрх гарцаагүй хэмээн яригдаж байсан Азийн болон Европын аварга Узбекистаны дагестан легионер Ильяс Бекбулатов, “Ташкент-2014” ДАШТ-ий мөнгөн медальт Японы Сосүке Такатани нар хагас шигшээд ялагдаж сүүлийн тэмцээнд дайралт хийхээс өөр аргагүй болов.
Одоо манай бөхчүүдийг хамгийн сүүлийн зогсоол тавдугаар сарын 6-9-нд Болгарын Софид болох Дэлхийн эрхийн тэмцээн хүлээж байна. Тус тэмцээнд жин тус бүрт шигшээд шалгарсан тамирчид олимпийн наадмын эрх авах юм.
Ази тивээс эрх авсан эрэгтэй бөхчүүд:
57 кг: Гуломжон Абдулаев (Узбекистан), Лю Минху (БНХАУ)
65 кг: Эрназар Акматалиев (Кыргызстан), Амир Яздани (Иран)
74 кг: Юнес Эмами (Иран), Бекзод Абдурахмонов (Узбекистан)
86 кг: Жабраил Шапиев (Узбекистан), Лин Зушен (БНХАУ)
97 кг: Мохаммад Мухаммадиан (Иран), Магомед Ибрагимов (Узбекистан)
125 кг: Юсуп Батырмурзаев (Казахстан), Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)