Пүрэв Жигжидсүрэн

Пүрэв Жигжидсүрэн

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1947-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал

1947 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн.

Өсвөрийн шатарчдын улсын аврагын тэмцээнд 1963 онд мөнгөн медаль ,1966 онд алтан медаль  хүртэж шатрын урт замынхаа гарааг эхэлжээ.

Шатрын улсын аврага шалгаруулах тэмцээнд удаа дараа  шалгаран оролцож 1985 онд түрүүлж, 2-р байранд 3 удаа, 3-р байранд 1 удаа шалгарч, МБАТС-д 1971, 1983 онуудад түрүүлсэн.

 Болгар, Герман, ЗХУ, Польш, Румын, Унгар, Чехословак зэрэг олон орны алдар цолтой шатарчид хүч оюунаа сорьдог “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит олон улсын тэмцээнд  1985, 1986 онуудад 2 ба 3-р байр эзэлж, 1987 онд түрүүлж спортын бахдам амжилт гаргаж олон улсын мастер цол хүртсэн.

Дэлхийн шатрын олимпиадад 1970, 1980, 1982 онуудад тоглогчоор, 1990, 2000 онуудад дасгалжуулагчаар тус тус оролцсон.

Оюутны дэлхийн шатрын аврага шалгаруулах тэмцээнүүдэд (2000 онд Варнад; 2002 онд Улаанбаатарт ) дасгалжуулсан тамирчид нь багаараа хүрэл медаль хүртсэн.

Өсвөрийн шатарчдын дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд шавь Б.Мөнгөнтуул нь 2001 онд хүрэл медаль хүртсэн.

Өсвөрийн шатарчдын УАШТ-д дасгалжуулсан баг нь 2001-2003 онуудад 3 удаа түрүүлсэн.

Хүүхдийн спортын наадамд 2003 онд шатарчид нь багаараа алтан медаль хүртсэн.

Шавь нараас нь шатарчны спортын дээд цол – Олон улсын их мастер цолыг

Б.Хатанбаатар, Б.Мөнгөнтуул нар хүртжээ. Шавь нараас нь улсын аваргын алтан медалийг Б. Хатанбаатар 8 удаа, Ц.Батцэцэг 7 удаа, Ц.Лхагвасүрэн, Н.Төрбат, Г.Баярмаа, Ө.Гэрэлмаа, Гэ.Оюунчимэг нар тус бүр нэг удаа алтан медаль хүртэж олон улсын уралдаан тэмцээнүүдэд  эх орноо төлөөлөн оролцсоор амжилт нь ахьсаар байна.

Монголын шилдэг шатарчдын нэг, дасгалжуулагч П. Жигжидсүрэнгийн амжилт зүтгэлийг төр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны IX  сарын 3-ны өдрийн 165-р зарлигаар түүнд “МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ” гэдэг эрхэм цол олгожээ.

Шатрын спортын олон улсын мастер, гавъяат дасгалжуулагч П. Жигжидсүрэн шатар сонирхогчдын боловсролд зориулан “Шилдэг өргүүд”, “Зөв нүүдлийг ол”,Я. Дүгэрийн хамт “Шатрын тактик”, “Шатрын стратег”, “Цугцванг” зэрэг ном бичиж хэвлүүлжээ.

 

“1970 онд ХБНГУ-ын Зигенд зохиогдсон дэлхийн шатрын олимпиадад манай баг 60 орноос 16-р байранд орж амжилттай тоглосон юм. Миний оролцсон анхны олон улсын тэмцээн тэр...Олимпиадад амжилт гаргалаа гэж Ж. Самбуу гуай биднийг хүлээн авч баяр хүргээд, - өөрөө шатар гэхээр ухаангүй болдог хүн шүү дээ – “Та нөхдөд ямар хүсэлт байна?” гэлээ. Би “манай улсад шатрын мэргэжлийн дасгалжуулагч байхгүй .Иймд авъяаслаг залуу шатарчдаас ЗХУ-д явуулан сургаж дасгалжуулагчтай болох хэрэгтэй байна. Тэгвэл шатарчдын амжилтанд ч нөлөөлнө” гэсэн юм даг . Самбуу дарга Гэгээрлийн яамны орлогч сайд Гомбосүрэнд үүрэг өгч тэр дагуу би Москвагийн биеийн тамирын  дээд сургуульд явж байлаа.Нэг хүч авчихаар юм ч амархан бүтдэг юм билээ… Ингээд Самбуу гуайн ачаар би, тэгээд манай Ж. Лхагваа, сүүлд Ц.Лхагвасүрэн бид хэд тэр сургуулийг төгссөн.

"Яах вэ, хөөрхий минь, шатрын буянаар олон ч газар явлаа, олон ч сайхан нөхөдтэй боллоо, олон ч сайхан шавь нартай учирлаа. Төрийн хишиг ч их хүртлээ" тэрээр хэлсэн байдаг.

Хуваалцах: