Монгол улсын эмэгтэй шатарчдын ихэнх дээд амжилтыг тогтоосон хүн. Увс аймгийн Завхан сумын нутагт 1930 онд төрсөн тэрээр улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 20 удаа /эрэгтэйд 2 удаа/ шалгаран оролцохдоо 217 өрөг тогложээ. 1962 онд спортын мастер, 1992 онд Олон улсын шатрын холбооны мастер цолыг хүртсэн юм.
Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд нийт 133 хожил, хамгийн олон мөнгө, хүрэл медаль хүртсэн, гурван тэмцээнийг нэг ч хожигдолгүй дуусгасан, 50 хувиас дээш амжилтыг 17 удаа үзүүлсэн, 3-14-р тэмцээн хүртэл нийт 12 тэмцээнд ямар нэгэн медальт байрт шалгарсан хосгүй авъяастай шатарчин юм. Тэрээр Сплит, Скопле, Люцерны Дэлхийн шатрын олимпод амжилттай оролцсон билээ.
Ж.Хулганаа нь нэрт шатарчин байсан төдийгүй шатрын спортын цаашдын чиг хандлага, хойч үедээ санаа зовнин "Шатар өөрөө сурах" ном, 2-р зэрэгтэй шатарчин бэлтгэх хөтөлбөр, шатрын хөгжлийн товч түүх, шатрын спортын ач холбогдол зэрэг өгүүллүүдийг туурвин бичиж үлдээсэн юм.