Шатрын спортын мастер Ш.Батцэнгэл 1960 онд төржээ. Санхүү, нягтлан бодох мэргэжилтэй. Арьс ширний үйлдвэр нэгдэлд эдийн засагч, Улаанбаатар Аудит корпораци ХХК-д аудитороор тус тус ажилласан. Улсад нийт 29 жил ажилласан. Үүний зэрэгцээ Хос мастер шатрын академид тамирчин байв.
Тэрээр 11 настайдаа шатар тоглож сураад анх 13 настайдаа Дархан хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлж тэр ондоо Ж.Самбуугийн нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд шалгаран оролцож шатарчин болох замналаа эхэлсэн байна.
Батцэнгэл 1977 онд өсвөрийн шатарчдын улсын аварга болсноос хойш томоохон тэмцээнүүдэд хүч үзэх болсон бөгөөд улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 15 удаа оролцож 190 өрөг тоглохдоо 1981 онд Монгол улсын шатрын хорин хоёр дахь аварга гэдэг эрхэм цолонд хүрч спортын мастер болсон юм.
1977, 1978 оны идэрчүүдийн аваргын алт, мөнгөн медаль, 1987 оны Бүх ард түмний спартакиадын мөнгө, хүрэл медаль, 1981 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 1982 оны Улаанбаатар хотын аварга, 2011, 2012 оны Ахмадын улсын аварга болж, тогтмол амжилтыг үзүүлж байна.
Тэрээр Нийслэлийн 1 дүгээр сургууль, Русский гимназия сургуульд шатрын хичээл зааж, өсвөрийн 100 гаруй шатарчдыг бэлтгэн гаргасан юм. 2011 онд ОУ-ын шатрын холбооны мастер болсон байна.
Ш.Батцэнгэл Люцерн болон Манил хотуудад явагдсан дэлхийн шатрын олимпиадуудад улсаа төлөөлөн амжилттай оролцсон. 2012 онд Австрали улсын Сидней хотноо зохиогдсон Ахмадын Ази тивийн АШТ-д эрэгтэйд мөнгөн медаль, эмэгтэй ангилалд түрүүлэн Азийн аварга болсон билээ.