Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
Төрөл | Athlete |
Хүйс | Эмэгтэй |
Төрсөн өдөр | |
Улс | |
Спорт | Шатар |
Цол, зэрэг | Эмэгтэй их мастер |
Сошиал |
А.Энхтуул нь 1994 оны 9 сарын 30-нд хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж, өссөн. Түүний эцэг, эх Алтанбулаг суманд ажиллаж, амьдарч байгаад 1996 онд Улаанбаатар хотод суурьшсан байна. Монгол Улсаас төрсөн 3 дахь, Сэлэнгэ аймгаас төрсөн анхны эмэгтэйчүүдийн "Олон улсын шатрын Их мастер" цолтон юм.
Олон улсын шатрын Их мастер А.Энхтуул нь 9 настайдаа анхны шатрын нүүдлийг "Төр Монгол" шатрын клубт сурч, 10 настайдаа тус спортоор эрчимтэй хичээллэн эхэлж улмаар 11 насандаа Улаанбаатар хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж, шатрын спортын замнал нь эхэлж байжээ. Үүний дараа, "Төр Монгол" шатрын клубын тамирчид Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон "Сургуулиудын Багийн Дэлхийн Аварга Шалгаруулах" тэмцээнд Монгол Улсаа анх удаа төлөөлөн оролцож, 11-12 насны ангилалд тэргүүн байр эзлэн эх орондоо оюуны спортын багийн төрлөөр дэлхийн хэмжээний анхны алтан медалийг авчирсан түүхтэй. Үүнд, А.Энхтуул нь багийн ахлагч буюу 1-р ширээнд өрсөлдөхдөө шийдвэрлэх буюу сүүлчийн өрөгт хожил авснаар гол үүрэг гүйцэтгэсэн байна. Улмаар мэргэжлийн түвшинд хичээллэх хүсэл эрмэлзэл нь түүнийг их мастерын алдарт хүрэх замд хөтөлж, 12 настайгаасаа буюу 2006 оноос хойш Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч Пүрэвийн Жигжидсүрэнгийн удирдлага дор бэлдэж эхэлжээ. Түүний багш П.Жигжидсүрэн нь Оросын Холбооны Улсын Биеийн Тамирын их сургуулийг шатрын дасгалжуулагч мэргэжлээр төгссөн тавхан Монгол хүний нэг бөгөөд тэрээр өөрийн шавиуд А.Энхтуул болон их мастер Ц.Батчулуун нарыг онцгой анхаарч, Хандгайт дахь зусландаа 2007 оноос хойш байрлаж, бэлтгэл сургуулилтаа базаадаг байж. 2008 онд их мастер А.Энхтуул нь 13 нас 4 сартайдаа Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 3 дахь удаагаа шалгаран оролцохдоо тус тэмцээний хамгийн залуу 2 оролцогчийн нэг байсан хэдий ч Монгол Улсын шатрын Дэд Аварга болсноор түүхэн амжилтыг бүтээж, 38 дахь Дэлхийн Шатрын Олимпиадад оролцох эрхээ авч 14 нас 2 сартайдаа Монгол Улсын шатрын шигшээ багийн хамгийн залуу тамирчин болон 3-р ширээнд өрсөлдөхдөө нийт 11 өргөөс нэг ч өнжилгүй тоглож, багтаа чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Дэлхийн Шатрын Олимпиад нь 2 жилд ганцхан удаа зохиогддог Дэлхийн Шатрын Холбооны хамгийн том тэмцээн бөгөөд шатарчдын хувьд олимпийн тэмцээнд тооцогдох бөгөөд улс бүр хамгийн шилдэг шатарчдаа илгээдэг юм. Шатарчин хүн бүрийн мөрөөдөл болсон шатрын олимпиадад арван дөрөвхөн настайдаа маш амжилттай оролцсон А.Энхтуул нь Монголын шатрын түүхэнд бичигдэх амжилтын эздийн нэг болсон. Учир нь 2008 онд Монгол Улсын шатрын шигшээ баг нийт 114 багаас 17-р байрт шалгаран "C" хэсэгтээ тэргүүн байр эзэлсэн бөгөөд хувийн амжилтаар А.Энхтуул нь Дэлхийн Шатрын Холбооны эмэгтэйчүүдийн Олон Улсын Мастер цолны 2 нормыг биелүүлжээ.
Их мастер А.Энхтуул нь 2008 оноос хойш өсвөр наснаасаа ихэвчлэн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнүүдэд оролцож, туршлага хуримтлуулж ирсэн байна. Тэрээр 2009 онд эмэгтэйчүүдийн шатрын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний эрх олгодог Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуулын хамт 15 нас 10 сартайдаа оролцож, 7-р байрт шалгарчээ.
2010 онд А.Энхтуул нь Бүгд Найрамдах Турк Улсад зохиогдсон "Сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах" тэмцээнд 15 нас 10 сартайдаа оролцож, оюуны спортоор ганцаарчилсан төрөлд Монгол Улсаас төрсөн анхны дэлхийн хэмжээний алтан медалийг эх орондоо авчирсан байна. Улмаар, Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтангадас" одонг 15 нас 11 сартайдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос гардсан бөгөөд Биеийн Тамир, Спортын Тэргүүний ажилтан мөн болжээ. Түүнчлэн, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнээс Оросын Холбооны Улсын Ханты-Мансийск хотноо зохиогдсон 39 дэх удаагийн Дэлхийн Шатрын Олимпиадад оролцох эрхийг 2 дахь удаагаа авч, насанд хүрэгчдийн улсын шатрын шигшээ багт багтан эх орноо төлөөлөн оролцсон болов ч хувийн болон багийн үзүүлэлтээр өмнөх амжилтаа ахиулж чадаагүй юм. Тус жилдээ "Аварга" ахлах сургуулийг төгсөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авч, Монгол Улсын Их Сургуулийн "Хятад хэл судлалын" ангид элсэн суралцаж байгаад, 1918 онд байгуулагдсан Оросын Холбооны Улсын Биеийн Тамирын Их Сургуульд шатрын дасгалжуулагч болон зохион байгуулагч мэргэжлээр суралцах урилга ирж, 2011 оноос Москва руу шилжжээ. 4 жилийн турш Москва хотноо сурч, амьдрах хугацаандаа шатрын бэлтгэл сургуулилтаа таслалгүй үргэлжлүүлэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсын шатарчин, их мастер Игорь Владимирович Глек болон Оросын Холбооны Улсын шатарчин, их мастер Николай Николаевич Чадаев нарын удирдлага дор шатрын боловсролыг эзэмшиж байхдаа нэгэн зэрэг шатраас гадна "Сити" их сургуулийг "Олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн менеджмент" мэргэжлээр алсын зайнаас суралцаж, эх орондоо 2015 онд ирэхдээ бакалавр зэрэгтэй төгссөн байна.
Москвад амьдрах хугацаандаа тэрээр өөрийн оргил амжилтуудад хүрч байсан түүхтэй. Товч дурдахад, 1974 оноос хойш өнөөдрийг хүртэл зохион байгуулагдаж буй үе, үеийн дэлхийн шилдэг шатарчид оролцдог уламжлалтай өсвөрийн шатарчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний хамгийн хүнд нас буюу мэргэжлийн шатарчдын оролцдог 17-18 насны ангилалд их мастер А.Энхтуул 2011 онд Бразил улсад амжилттай оролцож, энэхүү тэмцээнээс олон жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлэн 3-р байрт шалгарч, хүрэл медаль хүртэхдээ Дэлхийн Шатрын Холбооны эмэгтэйчүүдийн Олон Улсын Мастерын сүүлчийн буюу 3 дахь нормыг биелүүлж, их мастер цолонд тун ойртжээ. 2012 онд Португал улсад зохиогдсон "Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах" тэмцээнд 17 нас 10 сартайдаа анх удаагаа оролцохдоо медалийн төлөө өрсөлдөж, харамсалтай нь шийдвэрлэх өрөгт хожигдон 7-р байрт шалгарчээ. Тэр жилдээ, Бүгд Найрамдах Турк Улсад зохиогдсон Дэлхийн Шатрын 40 дэх Олимпиадад тус улсын шатрын холбооны урилгаар олимпиадын үеэр хэвлэл мэдээллийн салбарт ажиллах саналыг хүлээн авсан нь ирээдүйд өөр олон тэмцээний зохион байгуулалтад ажиллах гараа нээгджээ.
2013 онд Украйн улсын Крым -д "Олон Улсын Зуны Шатрын Их Наадам" -ын хүрээнд зохиогдсон олон улсын тэмцээнд 2 дахь удаагаа оролцохдоо Дэлхийн Шатрын Холбооны эмэгтэйчүүдийн "олон улсын шатын Их мастер" цолны анхны нормыг биелүүлжээ. Их мастерын алдарт хүрэх зам үүгээр нээгдэж, Зүүн бүсийн Москва хотын шатрын холбооноос зохион байгуулдаг хаалттай буюу тойргийн тэмцээнд оролцох боломжтой болж, 2013 болон 2014 онуудад зохиогдсон тэмцээнүүдэд нь амжилттай оролцож эх орондоо эмэгтэйчүүдээс төрсөн 3 дахь, төрсөн нутагтаа анхны Их мастер цолтон болж байв. Ийнхүү А.Энхтуул нь шатрын спортоор хичээллээд 10 жилийн дараа буюу 19 нас 11 сартайдаа оюуны спортын ноён оргил шатрын их мастер болсон байна. Дашрамд, Сэлэнгэ аймгаас өнөөг хүртэл Их мастер цолтон А.Энхтуулаас хойш гараагүй байна.
Тамирчны замналаас гадна мэргэжлийнхээ дагуу сонирхолтой ажлуудыг оюутан ахуй насандаа хийсэн байдаг. Жишээлбэл, 2012 онд 18 настай байхдаа ноолуурын онлайн дэлгүүр байгуулах санаа гаргасан нь дэмжигдэн, ажил хэрэг болж Москва хотноо "Cashwool" гэх шинэхэн компани нээгдэж тус байгууллагын худалдааг хариуцан ажиллаж, Монгол ноолуурын брэндүүдийг Москвад борлуулж эхэлсэн түүхтэй. 2013 онд Арабын Нэгдсэн Эмират Улсад зохиогдсон өсвөрийн шатарчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагчдаас хэвлэл мэдээллийн хэсэгт ажиллах урилга авч, дэлхийн хамгийн их орон оролцсон өсвөрийн шатарчдын тус тэмцээнд тоглогдож буй өргүүдийг Австралийн Холбооны Улсын шатарчны хамт Англи хэл дээр дэлхий даяар шууд дамжуулан хүргэж байсан нь манай улсын хувьд анхных байв. Тухайн үеийн шууд дамжуулалт нь нийт 10 өдөр үргэлжлэх хугацаанд шатрын ертөнцийн амьд домог, 13 дахь шатрын дэлхийн аварга, супер их мастер Гарри Каспаров хүртэл уригдаж байжээ. Идэр залуу их мастер А.Энхтуулыг энэхүү хариуцлагатай бөгөөд хүнд ажлыг гүйцэтгэхэд болон ажиллах урилга авахад гол нөлөөлсөн хүн нь түүний багш нарын нэг их мастер Игорь Владимирович Глек гэж тэрээр хэлсэн байдаг. 2014 онд Норвегийн Вант Улсад зохиогдсон 41 дэх Дэлхийн Шатрын Олимпиадын зохион байгуулагч тал буюу Дэлхийн Шатрын Холбоонд хэвлэл мэдээллийн хэсэгт сайн дураар ажиллах хүсэлт гаргаж, тэмцээний дундаас дуустал нь сайн дураар хэвлэл мэдээллийн албанд ажилласан байна. Үүний дараа тус онд Арабын Нэгдсэн Эмират улсын Ал-Айн хотноо байрлах Азийн Шатрын Холбоонд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын анкет бөглөсөн нь 2015 онд сургуулиа төгссөний дараа нь биелэлээ олж, тэрээр 21 насандаа Азийн Шатрын Холбоонд олон улсын тэмцээн хариуцсан мэргэжилтнээр мөн Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг спортын газрын харьяа байгууллага болох Ал-Айн хотын соёлын болон шатрын клубт ерөнхий дасгалжуулагчаар нэгэн зэрэг ажиллах боломжтой урилга авч 2016 оны 4-р сарыг хүртэл Арабын Нэгдсэн Эмират улсад ажиллаж, амьдарсан нь Монголын шатрын түүхэнд бичигдэх нэгэн үйл хэрэг юм. Эдгээр ажлуудыг хариуцлагатай, нэр төртэй хийхэд түүний эзэмшсэн мэргэжил болон Англи, Орос, Хятад хэлийг эх хэлээсээ гадна сурсан нь маш их нөлөөлсөн. Ийнхүү 2015-2016 онд хувийн амьдралын ололт, амжилтыг бодолцон ажиллаж байгаад 2016 оны дундаас олон улсын тэмцээнүүдэд дахин оролцож эхэлжээ. Тэр жилдээ Азербайджан улсад зохиогдсон 42 дэх Дэлхийн Шатрын Олимпиадад улсын шигшээ багт 4-р ширээнд тоглож, багтаа хамгийн өндөр оноог авчирсан ба хувийн амжилтаар сүүлчийн өрөгт олимпиадын анхны хожигдлоо хүлээсэн ч нийт 140 орны шатарчдаас 14-р байрт шалгарчээ. Тус олимпиадад хамгийн олон орон оролцсон нь дэлхийн шатрын түүхэнд бичигдэж үлдсэн юм. Түүний дасгалжуулагч П.Жигжидсүрэн энэхүү амжилтад нь бахдаж, улмаар шавиа хурцлан түр завсарлаад байсан тамирчны замналыг нь дахин сэргээх урам зоригийг өгч их мастер А.Энхтуул 2016 оны дундаас-2017 оны төгсгөл хүртэл олон улсын өндөр зэрэгтэй шатарчдын А зэрэглэлийн тэмцээнүүдэд Европ тивийг тойрон тоглож, олон алдартай тэмцээнүүдээс шагнал хүртсэний нэг жишээ нь Грек улсын Палеохорад зохиогдсон 9 дэх удаагийн олон улсын А зэрэглэлийн тэмцээнд эмэгтэйчүүдээс 2-р байр, 2016-2018 онуудад Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Isle of Man аралд зохиогддог шатрын ертөнцийн хамгийн том, алдартай "IOM Open" тэмцээнд 3 удаа уригдаж, Монголоос 2016 болон 2017 онуудад нь анх удаагаа эх орноо төлөөлөн оролцохдоо 2016 онд эмэгтэйчүүдээс 5-6 байрт дэлхийн шилдэг эмэгтэй шатарчин, өөрийн сайн найз Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шатрын Их мастер, эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн аварга Хоу И Фаны хамт шалгарсан ба 2017 онд эмэгтэйчүүдээс 6-7 байрт тус, тус шалгарчээ. 2017 оны тус тэмцээнд одоогийн дэлхийн шатрын аварга Магнус Карлсен оролцож, тэргүүн байрыг эзэлсэн байдаг нь дэлхийн шатрын түүхэнд тэмдэглэх тэмцээнүүдийн нэг гэдэгтэй маргашгүй юм.
2018 онд их мастер А.Энхтуул Улаанбаатар хотноо "Элит Брайн" олон улсын шатрын академийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл амжилттай ажиллаж, Монголын олон хүүхэд, залуусыг шатрын спортоор хичээллэх урам зоргийг өгч мөн өөрийн шавь нарыг бэлтгэж байна. Түүний шавь нараас 2019 онд Зүүн Өмнөд Азийн өсвөрийн шатарчдын Аварга төрж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн олон амжилттай шавь нарыг бэлтгэж эхэлсэн нь үр дүнгээ өгч, 2020 онд Дэлхийн Шатрын Холбооноос зохион байгуулсан Дэлхийн Шатрын Холбооны Дасгалжуулагчийн семинарт оролцож, уламжлал болсон 3 үе шаттай шалгалтуудыг амжилттай өгч улмаар 25 нас 4 сартайдаа Дэлхийн Шатрын Холбооны Дасгалжуулагч хэмээх эрхэм цолны болзлыг хангажээ.
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Тэмцээн | Төрөл | Огноо | Баг | Спорт | Ангилал |
---|---|---|---|---|---|
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 40-р тэмцээн | БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 40-р тэмцээн | 2021-11-17 | УБ | Шатар | |
УАШТ-ны Хагас шигшээ 2011 | УАШТ-ны Хагас шигшээ 2011 | 2022-01-20 | Улаанбаатар | Шатар | |
УАШТ-ны Хагас шигшээ 2012 эмэгтэй | УАШТ-ны Хагас шигшээ 2012 эмэгтэй | 2022-01-20 | Улаанбаатар | Шатар |