Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
Төрөл | Trainer |
Хүйс | Эрэгтэй |
Төрсөн өдөр | |
Улс | |
Спорт | Шатар |
Цол, зэрэг | |
Сошиал |
Их мастер Мөнгөнтуулын аав, мөн дасгалжуулагч Дашдорж овогтой Батхуяг нь Завхан аймгийн Завханмандал суманд төрж, аймгийнхаа 10 жилийн сургуулийг дүүргэн, улмаар МУИС-ийн математикийн ангийг төгсөнгүүт сургуульдаа үлдэж зургаан жил багшлаад ПДС-ийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ.
ЗХУ-д 1979-1982 онд аспирантурт суралцан “Төвлөрсөн ба тархалтын параметртэй системийн зарим бодлогын удирдлагын зохимжтой байх нөхцөлүүд, тэдгээрийг хэрэглэх” сэдвээр физик, математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Д.Батхуяг их, дээд сургууль, олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнд 42 жил ажиллахдаа олон мянган шавьтай болсон, хэрэглээний математикаар дагнан мэргэжсэн цөөхөн мэргэжилтний нэг.
ШУТИС-ийн үндсэн сурах бичгийн нэг “Инженерийн математик” номын нэг, хоёрдугаар боть, “Ойролцоо бодох аргууд”, Магадлалын онол, математик статистикийн элементүүд” зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн. ОХУ-ын Москва хот дахь Олон улсын хүрээлэнд 2000 оноос найман жил ажиллаад ирсний дараа ШУТИС-ийн математикийн сургуульд багшилсан байна.
Доктор, профессор Д.Батхуягийн ажлын амжилтыг үнэлж, Ардын боловсролын тэргүүний ажилтан, худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр мялааж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.
Тэрээр охин Мөнгөнтуулд шатрыг таван настайгаас шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зааж, тодорхой зорилготой хөтөлбөрөөр уралдаан тэмцээнд бэлтгэсээр 12 настайд нь Монгол Улсын спортын мастер, 13-тайд нь олон улсын мастер, 15 настайд нь шатрын их мастер болгосон дасгалжуулагч билээ.
Түүнчлэн Д.Батхуяг нь шатар сонирхогч, суралцагч нарт зориулж хэд хэдэн ном туурвиад байгаа билээ. Түүний бичсэн “Шатрын стратеги тоглолтын сурах бичиг” (2012 он) номыг үнэлж, ФИДЕ-гийн мастер, улсын зургаан удаагийн аварга Ж.Лхагваа “Математикийн шинжлэх ухааны доктор, шатрын спортын дэд мастер, нэрт дасгалжуулагч Д.Батхуягийн бичсэн энэ ном нь шатрын дунд үеийн тоглолт дахь стратегийн янз бүрийн арга барил, техникийн асуудлуудыг нарийвчлан, сурганы цэгцтэй чиг хандлагаар бичсэнээрээ онцлогтой болжээ” гэсэн байдаг.
Д.Батхуяг нь өсвөрийн шатарчдын улсын удаа дараагийн аварга, насанд хүрэгчдийн тэмцээнд амжилттай өрсөлдөж байгаа Үүрцайхын Үүрийнтуяа, Үүрцайхын Агьбилэг хоёртой 2009-2010 онд, Сугарын Ган-Эрдэнэ, Мөнхбаярын Цэцэнбилэг, Сумъяагийн Чингүүн шилдэг хүүхдүүдэд шатрын эрдмийг зааж сургасан байна.Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна