Мэдээ

Монголын даамын холбооны дүрэм

 

2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн

гишүүдийн хурлаар батлав.

Нэгдүгээр зүйл. Байгууллагын нэр хаяг

            Нэр: Монголын даамын холбоо

 

Хоёрдугаар зүйл. Үүсгэн байгуулсан он, сар, өдөр

            1988 оны 4 дүгээр сарын 9

 

Гуравдугаар зүйл. Зорилго

            Монголын даамын холбоо нь:

1.      Олон улсын спорт, олимпизмын үзэл санааг дэмжиж, Монгол улсад даамын спортыг хөгжүүлэх

2.      Монгол улсын спортын удирдах байгууллагуудтай хамтран ажиллаж дэлхий, тив, олон улсын тэмцээнд амжилт гаргах, даамын спортоор Монгол улсын нэрийг сурталчлах

3.      Дэлхийн даамын холбооны гишүүний хувьд үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

4.      Өндөр ур чадвартай даамчид болон тэдний залуу халааг бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэх

5.      Дэлхий, тив, олон улс, улсын чанартай тэмцээнийг Монгол улсад зохион явуулах

6.      Даамын спортыг олон түмэнд сурталчлах, дэлгэрүүлэх зорилготой гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болно.

 

Дөрөвдүгээр зүйл. Холбооны бүтэц, хяналтын тогтолцоо

1.      Монголын даамын холбооны гишүүнээр хувь хүн, клуб, байгууллага байж болно.

2.      Монголын даамын холбооны эрх барих дээд байгууллага нь гишүүдийн хурал байна.

3.      Гишүүдийн ээлжит хурал жилд нэг удаа хуралдана. Холбооны нийт гишүүдийн 50 хувиас дээш тооны гишүүд хүрэлцэн ирсэн тохиолдолд хурал хүчинтэй байна. Энэхүү тоонд хүрэхгүй тохиолдолд удирдах зөвлөл нэн даруй хуралдаж, дараагийн товыг зарлана.

4.      Гишүүдийн хурлаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

4. 1.  Холбооны жилийн ажлын тайлан

4. 2.  Санхүүгийн тайлан

4. 3.  Комиссуудын тайлан

4. 4.  Дараа жилийн ажлын төлөвлөгөө батлах

4. 5.  Төсөв батлах

4. 6.  Бусад асуудал

5.      Сүүлийн удаа зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн гишүүдийн ээлжит хурлаас хойш 4 дэх жилийн хурлаар дээрх асуудлуудаас гадна зохион байгуулалт болон дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл холбооны удирдах бүрэлдэхүүний сонгууль, комиссын томилгоог 4 жил тутамд нэг удаа хийж байна.

6.      Энэхүү дүрмийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд гишүүдийн хурлаар ямар нэг зохион байгуулалтын асуудал хэлэлцэхгүй.

7.      Холбооны удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүнд нь ерөнхийлөгч – 1 хүн, дэд ерөнхийлөгч – 1 хүн, бусад нь удирдах зөвлөлийн гишүүд байна.

8.      Удирдах зөвлөлийн гишүүдийг гишүүдийн хурлаар сонгоно.

9.      Сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулийн зохион байгуулалтын асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.

10.   Зөвхөн дүрэмд өөрчлөлт оруулах, эсвэл зохион байгуулалтын асуудал хэлэлцэх зорилгоор холбооны гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулж болох бөгөөд ээлжит бус хурлыг нийт гишүүдийн 75-аас дээш хувийн бичгээр ирүүлсэн санал, шаардлагын дагуу удирдах зөвлөл хурлыг зарлаж, зохион байгуулна.

11.   Гишүүдийн хурлын шийдвэрийг хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар гаргана. Өөрийг нь төлөөлөх эрхийг бичгээр авснаар тухайн гишүүн зөвхөн нэг өөр гишүүнийг төлөөлж болно.

12.   Сонгууль болон хувь хүнтэй холбоотой асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ. Зөвхөн нэг нэр дэвшигч байгаа тохиолдолд сонгуулийг ил явуулж болно.

 

Тавдугаар зүйл. Удирдах зөвлөл

1.      Энэхүү дүрмийн 4.7-д зааснаар байгуулагдсан удирдах зөвлөл нь гишүүдийн хурлаас бусад цагт холбооны үйл ажиллагааг удирдах байгууллага юм.

2.      Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн гишүүний сонгогдсоноос хойш чөлөөлөгдөх хүртэлх хугацаа болно.

3.      Удирдах зөвлөлийн сонгуульт ажилд огт ажиллах бололцоогүй болсон, эсвэл өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд дараагийн гишүүдийн хурлаар нөхөн сонгууль явуулна.

4.      Удирдах зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

5.      Удирдах зөвлөлийн гишүүдийн 50-иас доошгүй хувь нь ирсэн тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

6.      Удирдах зөвлөлийн хурлыг холбооны ерөнхийлөгч даргална. Ерөнхийлөгчийг эзгүй тохиолдолд дэд ерөнхийлөгч, тэднийг эзгүй тохиолдолд ерөнхийлөгчөөс эрх олгосон хэн нэг удирдах зөвлөлийн гишүүн хурлыг даргална.

 

Зургаадугаар зүйл. Удирдах зөвлөлийн эрх        

1.      Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаарх эрх хэмжээг тогтоох

2.      Холбооны ажлын албаны бүтэц зохион байгуулалт, түүний төсвийг батлах

3.      Холбоонд гишүүн элсүүлэх, гишүүнээс чөлөөлөх

4.      Дотоод журмыг батлах

 

Долоодугаар зүйл. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч

1.      Ерөнхийлөгч нь холбоог гадаад дотоодод төлөөлөх эрхтэй

2.      Ерөнхийлөгч нь гишүүдийн хурал болон удирдах зөвлөлийн эрх олгосны дагуу аливаа шийдвэрийг холбооны нэрийн өмнөөс гаргах эрхтэй

3.      Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь холбооны ажилд бэрхшээл гарсан, тэмцээн уралдааны зайлшгүй зардал зэрэгт өөрийн бололцоогоор дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

4.      Ерөнхийлөгч нь удирдах зөвлөлийн хурлыг удирдах, хугацаанд нь хуралдуулах үүрэгтэй.

5.      Ерөнхийлөгч нь гишүүдийн хурлын товыг удирдах зөвлөлөөр хэлэлцэн тогтоож зарлах, хугацаанд нь хуралдуулах үүрэгтэй.

6.      Дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийн дээр дурдсан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж, шаардлагатай тохиолдолд түүнийг орлох

 

Наймдугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн дарга

1.      Ерөнхий нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор холбооны удирдах зөвлөлөөс томилон ажиллуулна.

2.      Ерөнхий нарийн бичгийн дарга нь холбооны ажлын албыг ахлан ажиллах тус холбооны гүйцэтгэх захирал юм.

3.      Удирдах зөвлөлөөс баталсан ажлын албаны бүтэц, төсөв, төлөвлөгөөний дагуу холбооны ажлыг удирдан явуулж, удирдах зөвлөлд ажлаа тайлагнана. Удирдах зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гишүүдийн хуралд тайлагнана.

4.      Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулж, бусад байгууллага, гишүүдтэй холбоог төлөөлөн харилцана.

5.      Ажлын албаны ажлын үндсэн чиглэлүүд

5.1.   Холбооноос ойрын жилүүдэд явуулах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон мөрдөж ажиллах

5.2.   Холбооноос жил бүр зохион байгуулах тэмцээн, арга хэмжээний төлөвлөгөөг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах

5.3.   Аймаг бүрд холбооны салбар зөвлөл, сум, дүүрэг сургуулиудын дэргэд даамын клуб, дугуйлан байгуулах ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвшөөрөл, лиценз олгох

5.4.   Даамчид, багш дасгалжуулагч нарыг ном, гарын авлага, аргачлалаар хангаж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлыг системтэй хийх бодлого боловсруулах

5.5.   Даамын спортын ололт амжилт, тэмцээн, бусад арга хэмжээний талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлах

5.6.   Холбоог ивээн тэтгэсэн байгууллага, хүмүүсийг сурталчилах, тэдэнд өргөмжлөл, дурсгалыг зүйл гардуулах, зардлыг тайлан гаргаж өгөх зэргээр харилцан ашигтай хамтран ажиллах

5.7.   Улс, хотын болон зэрэг ахиулах тэмцээнүүдийг зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулах, цол, зэрэг биелүүлсэн даамчдын материалыг бүрдүүлж, улсын цол, зэргийн комисст өгч батлуулах, үнэмлэх тэмдгийг нь олгох

5.8.   Шигшээ багийн талаарх бодлого гаргах, хэрэгжүүлэх

5.9.   Даамчдын рейтингийг хагас бүтэн жилээр бодож, жагсаалт гаргах

5.10.Засгийн газрын спортын асуудал хариуцсан байгууллага болон МҮОХ-ноос зохиосон аливаа ажилд холбоог төлөөлөн оролцох, жилийн эцэст ажлаа дүгнүүлэх

 

Есдүгээр зүйл. Холбооны гишүүн (хувь хүн)

1.      Монголын даамын холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч хүсэлтээ гаргаж, татвараа төлсөн хувь хүн, клуб, байгууллагыг удирдах зөвлөлийн шийдвэрээр холбооны гишүүн гэж үзнэ.

2.      Гишүүдийн жилийн татварыг удирдах зөвлөлийн хуралдаанаар тогтооно.

3.      Гишүүн бүр тогтоосон татварыг жилд нэг удаа урьдчилан төлөх үүрэгтэй.

4.      Холбооны гишүүн байх эрх дараахь тохиолдолд алдагдана. Үүнд:

4. 1.          Холбоо татан буугдах

4. 2.          Заасан хугацаанд татвар төлөхөөс татгалзах

4. 3.          Энэ зүйлийн 8 болон бусад журамд заасан зүйлийг зөрчих

5.      Холбооны гишүүн гишүүдийн хуралд таслах нэг эрхтэйгээр оролцоно. Өөр нэгэн гишүүний бичгээр ирүүлсэн хүсэлт, батламжаар түүнийг төлөөлж болно. Нэг хүн нэгээс илүү хүн төлөөлөхгүй.

6.      Даамчид нь зөвхөн холбооны гишүүн байсан тохиолдолд Монгол улсын нэрийн өмнөөс дэлхий, тив, олон улсын тэмцээнд шалгаран оролцох эрхтэй. 

7.      Дэлхий, тив, олон улсын тэмцээнд оролцогчдыг шалгаруулахдаа МҮОХ-ноос батлагдсан үндэсний нормативыг үндэслэн удирдах зөвлөлийн хурлаас баталсан шалгаруулалтын журмыг баримтална.

8.      Дэлхий, тив, олон улсын тэмцээнд амжилттай оролцож, улмаар мөнгөн шагнал авсан тамирчид холбоотой байгуулсан гэрээний дагуу холбоонд шагналын тодорхой хувийг төлнө. Энэ хувийн хэмжээг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн жил бүр батална.

9.      Холбооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуй нэгж байгууллагад учирсан хохирол түүнээс үүсэх хариуцлагыг холбоо хүлээхгүй.

 

Аравдугаар зүйл. Холбооны гишүүн клуб, байгууллага

1.      Клуб, байгууллага удирдах зөвлөлөөс баталсан тодорхой шаардлага хангасан тохиолдолд холбооны гишүүнд бүртгүүлж болно. Холбооноос батламж олгоно.

2.      Гишүүн клуб, байгууллагын тоо тодорхой тоонд хүрсэн тохиолдолд холбооноос клубуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, цомын тэмцээнийг зохион байгуулна.

3.      Гишүүн клуб, байгууллага холбоог дэмжин хандив тусламж үзүүлж болно.

4.      Гишүүн клуб, байгууллагаас албан ёсны гишүүний татвар хураамж авахгүй.

5.      Гишүүн клуб, байгууллагын төлөөлөл холбооны гишүүдийн хуралд таслах эрхгүйгээр ажиглагчаар оролцож болно.

6.      Гишүүн клуб, байгууллага санал хүсэлтээ холбооны ажлын алба болон удирдах зөвлөлд бичгээр ирүүлнэ.

 

Арваннэгдүгээр зүйл. Холбооны санхүүжилт

            Холбооны орлого нь дараахь эх үүсвэрүүдээс бүрдэнэ. Үүнд:

1.      Гишүүний татвар

2.      Тэмцээний орлого

3.      Иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хандив

4.      Энэхүү дүрмийн 3 дугаар зүйлд заасан зорилгоо биелүүлэхийн тулд эрхлэх холбооны аж ахуйн үйл ажиллагааны орлого, бусад орлого

5.      Дэлхий, тив, олон улс, улс, хотын чанартай тэмцээнийг зохион байгуулах болон тамирчид оролцоход зориулсан улсын төсвөөс олгосон хөрөнгө

 

Арванхоёрдугаар зүйл. Холбооны зарлага

1.      Холбоо нь орлогоо энэхүү дүрмийн 3 дугаар зүйлд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

2.      Холбооны орлогоос ноогдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.

3.      Холбооны жилийн тайланг “Төрийн бус байгууллагын тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн дагуу гаргаж, удирдах зөвлөл, гишүүдийн хурлаар хэлэлцэн баталгаажуулна.

4.      Холбооны аливаа орлогын зарцуулалт, тайлангийн талаар удирдах зөвлөл журам гаргаж мөрдөж ажиллана.

 

Арвангуравдугаар зүйл. Хяналтын тогтолцоо

1.      Холбооны үйл ажиллагааг дотооддоо хянах зорилгоор хяналтын зөвлөлийг нийт гишүүдийн хурлаас сонгуулиар томилох ба чөлөөлнө.

2.      Хяналтын зөвлөл нь 3-аас доошгүй сондгой тоотой гишүүнтэй байна. Хяналтын зөвлөлд сонгогдох гишүүдийг бүх гишүүдийн хурал дээр илээр гишүүдээс санал оруулах замаар нэрийг нь дэвшүүлж сонгоно.

3.      Хяналтын зөвлөлийн гишүүд нь холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг давхар хашихгүй.

4.      Хяналтын зөвлөл нь дараахь үндсэн үүрэгтэй.

4.1   Гүйцэтгэх удирдлага болон Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих

4.2   Холбооны үйл ажиллагаа, хууль дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих

4.3   Хяналтын зөвлөл ажлын тайлангаа жилд нэг удаа гишүүдийн хуралд тайлагнана.

 

Арвандөрөвдүгээр зүйл. Холбоо татан буугдах

1.      Дараахь тохиолдолд холбоог татан буугдсанд тооцно. Үүнд:

1.1. “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийн 18-ын 1-д заасны дагуу Хууль зүйн яамнаас татан буулгасан тохиолдолд

1.2. Гишүүдийн ээлжит бус хурлын шийдвэрээр

2.      Холбоо татан буугдсан тохиолдолд өмч хөрөнгийн асуудлыг “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийн дагуу шийдвэрлэнэ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.