Дэлхийн аварга цолыг 54 насандаа тав дахь удаагаа хүртсэн Оросын их мастер
Александр Шварцман сэтгэгдлээ хуваалцаж байна. Энэ агуу даамчин дээрх амжилтаас
гадна дэлхийн аварга цолыг блиц тоглолтоор 9 удаа, бразил даамаар 7 удаа, орос
даамаар 1 удаа хүртэж, 2002 онд Европын аварга болж байв.
- Цар тахлын улмаас “амьдаар” тоглоогүй уджээ. Тиймээс тэмцээнд оролцохыг, тэр тусмаа надад ээлтэй байдаг Таллинд очихдоо баяртай байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд өмнө нь хэд хэдэн удаа түрүүлж байсан болохоор тэмцээний үеэр юунд ч санаа зовоогүй, маш тайван тоглосон.
Урьдчилсан тэмцээнд европчууд цөөхөн хэсэгт орсон. Гэхдээ афро-америк тоглогчид сүүлийн жилүүдэд маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлэх болсон тул тэднийг ялах нь амаргүй байсныг хэлэх хэрэгтэй. Миний хувьд юун түрүүнд хэсгээсээ шалгарахыг л хичээсэн. Ер нь сүүлчийн тойрог хүртэл эргэлзээтэй байсан шүү. Таллинд сайн тоглодог болохоор яагаад ч юм финалын шатанд шалгарна гэдэгтээ итгэлтэй байв. Тийм ч учраас урьдчилсан тэмцээн дуусахаас хоёр тойргийн өмнө заавал хожно гэж өөртөө амласан юм. Хэрэв хэрэгтэй хожлоо авч чадахгүй бол хөлөг дээрээ амь тавихад ч бэлэн байлаа. Эцэст нь туршлагаараа өрсөлдөгчдөө хүндрэл учруулж, алдаа гаргуулсны хүчинд хэрэгтэй хожлоо авч чадсан.
Шигшээ шатанд 8, 9-р тойрогт дараалан ялалт байгуулсан. Үүний дараа эхний гурван байрт орох магадлал өндөр болсныг ойлгосон. Оноо оноонд хөтөлдөг гэдэг үг байдаг шүү дээ. Сүүлчээсээ өмнөх тавилд ялсан ч гэсэн миний хувь заяа сүүлийн өргийн тоглолтуудаас шалтгаалах байсан. Аз миний талд байлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.