Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Монгени” цогцолбор сургууль дээр болж өндөрлөлөө. Нийслэлийн даамын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 52, эмэгтэй 24 даамчин ухаанаа уралдуулсан юм.
Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс ДДХМ Ц.Сүхбат (Монгени) 15 оноогоор тэргүүлж, ДДХМ Ц.Хашчулуун (Дебют) 15, ОУИМ Р.Манлай (Алтан хүү) 13 оноогоор удааллаа. Эмэгтэйчүүдээс ДДХМ Б.Мөнхжин (Алтан хүү) 15 оноотой аваргалж, ОУИМ Б.Мишээл (БЗД) 13, ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү) 13 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.
Тэмцээний өсвөрийн ангилалд ДДХДМ Б.Энхрийлэн (БЗД), ДМ Э.Даариймаа (Ирээдүй), ахмадын ангилалд СМ Б.Ганзориг (Алдар), СМ Д.Чойжилсүрэн (Сонгодог байрлал) нар тэргүүлж, тусгай шагналыг СМ Б.Пүрэвбаатар (БЗД), ОУИМ М.Нямжаргал (Говь-Хангай) нар хүртсэн байна.
Дашрамд сонирхуулахад Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхны тэмцээн 1966 онд болж, спортын мастер Б.Амарсанаа түрүүлж байжээ. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс спортын мастер Т.Пүрэвдорж хамгийн олон буюу 7 удаа, эмэгтэйчүүдээс ДДХМ С.Саранцэцэг 6 удаа түрүүлсэн юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас 2009 оноос хойш хотын АШТ тасарсан байсныг Нийслэлийн даамын холбооноос ийнхүү сэргээж, цаашид жил болгон өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохион байгуулах ажээ.
Дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.