Өсвөрийн даамчдын 2019 оны Азийн АШТ-ий мөнгө, УАШТ-ий алт, мөнгө, Хүүхдийн спортын VI их наадмын мөнгөн медальт, “Алтан хүү” клубийн тамирчин, спортын дэд мастер, Баянзүрх дүүргийн шилдэг сурагч, 21 дүгээр сургуулийн 7е ангийн сурагч Ц.Цацралыг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Даамын ямар тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна вэ?
-“Ирээдүй” клубийн дасгалжуулагч, ОУИМ Г.Ганжаргал багш АНУ-ыг зорьсон тул “Алтан хүү” клубт хичээллээд нэг сар болж байна. Узбекистаны Ташкент хотод Азийн АШТ-ийг дөрөвдүгээр сарын 15-28-нд зохион байгуулна. Би тус тэмцээнд гурав дахь удаагаа оролцохоор Р.Манлай багшийн удирдлагад бэлтгэл хийж байгаа. Өмнө нь тус хотод зохион байгуулахад U8-10 насныхны ангилалд оролцсон. Аваргын төлөө нутгийнхаа Ц.Мягмарсүрэнтэй таарна гэж огт төсөөлөөгүй. Түүнтэй сонгомол байрлалаар тоглосон ч нүүдэлгүй болж, хожигдсон юм. Тэрбээр төгсгөл, дунд үед маш сайн тооцоолж тоглосон. Би тэндээс мөнгө, Ц. Мягмарсүрэн хүрэл медальтай ирж байлаа. Бид нэг насны ангилалд оролцдог тул дотоодын тэмцээнд цөөнгүй таардаг. Түүнийг ихэнхдээ хождог байсан ч Азийн АШТ-ий сүүлийн өрөгт сандарч тоглоод ялагдсан. Би тэр үед Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор буюу 30 дугаар сургуулийн сурагч байв. Одоо дүүргийнхээ 21 дүгээр сургуульд сурч байгаа.
-Та “Шавь” клубийн дасгалжуулагч П.Нармандах багшийн удирдлагад даамаар анх хичээллэсэн гэл үү?
-Тийм ээ, Миний ахыг Ц.Цолмон гэдэг, спортын мастер цолтой. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч. П.Нармандах багшийн удирдлагад даамаар анх хичээллэсэн. Ах бэлтгэлээ тарж ирээд аавтай даам тоглоход би сонирхож хардаг байлаа. Намайг даам тоглох дуртай болоход аав ахын багшид шавь оруулсан юм. Багш биднээр бодлого бодуулж, ур чадвар нь сайжрахаар даам сайн заадаг багш нарыг урьж, давтлага авахуулдаг байлаа. Түүний удирдлагад тэр үед дэлхийн аварга Б.Энхрийлэн ах, Э.Энххүслэн, Б.Анужин,Б.Мөнхжин нар бэлтгэл хийдэг байв. Аавыг минь Ц.Цогтгэрэл, ээжийг Д.Саруул гэдэг. Манайхан ах бид хоёрыг сайн дэмждэг. Бэлтгэл хийх боломжоор хангаж, гэрийн ажлаас чөлөөлөн, бэлтгэл сургуулилалтад маань анхаардаг.
-Туркийн Измир хотод 2019 онд болсон ДАШТ-д оролцсон. Тэр тэмцээнээс ямар бодолтой ирсэн бэ?
-Би Э.Хүслэн эгчээс үлгэр дуурайл авдаг. Тэрбээр тэр жил Измирт болсон ДАШТ-д түрүүлсэн. Дэлхийн аварга болоход нь баярлаж “Түүн шиг медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн ч болоосой” гэж бодож билээ. Надад тэндхийн бүх зүйл сайхан санагдсан болохоор сэтгэл хөөрч, догдлоод тоглолтдоо анхаарал сайн хандуулаагүй. Үнэнийг өгүүлэхэд тэмцээнээс илүү Измир хотоор аялж, түүх соёлынх нь дурсгалт газруудыг хармаар санагдсан. Миний насны ангилалд хамгийн хүчтэй өрсөлдөгч ОХУ-ын тамирчин байв. Түүнийг “Би бараг хожчихсон юм чинь” гэж сэтгэл тайвшран, энэ тэрүүгээр тамирчдын тоглолтыг үзэж, ширээндээ ирээд суутал нүүдэл минь нэг л эвгүй болчихсон байлаа. Анхаарлаа төвлөрүүлээгүйгээс болж хожигдчихоод шарандаа уйлсан. Тэр тэмцээн сургамж болж, хойшид хариуцлагатай тоглохыг сануулсан. Азийн аваргын тэмцээнээс дэлхийн аваргынх олон зүйлээр өөр болдгийг тэр үед ойлгож билээ.
–Даамаар хичээллээд тэсвэр хатуужлаас хэр суралцаж байна вэ?
–Хамгийн түрүүнд тогтвортой сууж сурсан. Багш нарынхаа зааж буй хичээлийг анхааралтай сонсож, хурдан ойлгодог боллоо. Би математикийн хичээлд сайн. Даамын бодлого бодох, тооцоолж тоглох нь математиктай зарим талаараа адил тул сонирхолтой. Ангийн маань багш математикийн хичээл заадаг. Хичээлийнхээ хажуугаар шавь нараа даам тоглуулж, оюун ухааныг нь хөгжүүлдэг. Ангийн ширээн дээр даамын хөлөг байдаг тул нөхөд минь тоглох дуртай. Хичээлийн завсарлагаанаар ангийнхан “Цацрал аа, чамтай нэг нүүе” гэнэ. Хичээл цонхлохоор “Чамтай даам тоглъё” гээд зүгээр ер суулгадаггүй. Ангийн нөхөд эхлээд даамыг шатар тоглохтой андуурдаг байлаа. Намайг хөлөг дээр даам нүүхийг хараад өөр болохыг мэдсэн.
–Ахтайгаа тоглоод хожсон удаа бий юу?
-Ахад хожигдохоор өөрийн эрхгүй шар хөдөлнө. Дахиж тоглоод бүр хожмоор санагддаг. Ах маань Монголд 2019 онд болсон хүүхдийн спортын VI их наадмаас хүрэл медаль хүртсэн. Азийн АШТ-д 11-13 насныхны ангилалд оролцож байв. Миний хувьд тус наадмаас ганцаарчилсан, багийн төрөлд тус бүр мөнгөн медаль зүүсэн. Би сүүлийн үед блиц төрөлд анхаарал хандуулж байгаа. Би дүүргийн АШТ-ээс хошой мөнгө, нэг хүрэл медальтай. УАШТ-ийн үндсэн тоглолтын төрөлд алт, рапидаас мөнгөн медаль хүртсэн.
–Медалийн төлөөх тоглолтыг аав, ээж нь ирж үздэг биз дээ?
-Тийм ээ, медаль хүртэхээр аав, ээж баярлаж, ах бид хоёрыг дуртай зүйлээр минь шагнадаг. Намайг тэмцээнд оролцох үед сургуулийн захирал, ангийн багш хичээлээс чөлөөлдөг юм. Ангийнхан минь дэмжиж, хүүхэд болгон хоцорсон хичээлийг заах гэж хичээдэг. Тэмцээнтэй үед холбогдож ”Амжилт хүсье, сайн тоглоорой, заавал түрүүлээрэй” гэж урам хайрлана. Тоглолт дууссаны дараа “Өрсөлдөгчдөө хожив уу, медаль хүртсэн үү” гэж асуудаг.
-“Шилдэг сурагч”-ийн шагнал гардаж байхад ямар бодол төрөв?
-ДАШТ-д оролцож ирснийхээ дараа Баянзүрх дүүргийн “Шилдэг сурагч”-аар шалгарсан юм. Тэр үед хэрвээ түрүүлсэн бол “Шилдэг тамирчин”-аар шалгарах байлаа гэж бодож зогссон. Надад дэлхийн аваргаас медаль хүртэх л дутуу. Тиймээс зорьсноо биелүүлж аав, ээж, багш нараа баярлуулна гэж хичээдэг. Миний шагналын ихэнх нь мөнгөн медаль. Хойшид алтан медалийнхаа тоог ахиулна.
-Багш нар тань тэмцээнд оролцохын өмнө шавьдаа юу гэж зөвлөдөг бол?
-Багш нар маань “Чиний өмнө хэн ч тоглох гээд сууж болно. Түүний амжилт, алдар нэртэй бус зөвхөн өөртэй нь өрсөлд. Өрсөлдөгч тань өндөр цолтой байсан ч эмээж болохгүй. Өөрийнхөөрөө тоглох хэрэгтэй “ гэж хэлдэг. Тэр үг нь амжилт гаргахад их нөлөөлдөг. Надад олон цаг сууж бэлтгэл хийх заримдаа хэцүү санагдаж, шантарсан тохиолдол бий. Тэр үед даамаар амжилт гаргахгүй бол яах вэ, болих уу гэж нэг бус удаа бодсон. Тэр үед аав “Спортоор тууштай хичээллэсэн тамирчин амжилтад хүрдэг юм. Үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж зөвлөсөн. Аавыг ингэж хэлэхэд “Би шантарч өрсөлдөгчдөө баярлуулж болохгүй. Тэднийг хожихын төлөө хичэээж, амжилт гаргана” гэж өөртөө хэлсэн. Түүнээс хойш надад эргэж буцах тухай бодол дахиж төрөөгүй. Спортын мастер цолыг хүртэхэд гурван балл биелүүлэх ёстой. Би хоёр балл биелүүлсэн. Азийн АШТ-д амжилттай оролцож, болзлыг нь хангана. Ахынхаа хүртсэн цолд хүрч, өрсөлдөгчидтэйгөө ана мана тоглоно гэж боддог.
Ярилцсан Г.Батцэцэг ("Таван цагариг" сонин)
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.