Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 101 дэх гишүүн орноор элссэнээр олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийг хамгаалах, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд олон улсын олимп, паралимп, дифлимп, тусгай олимпын хөдөлгөөнд нэгдсэнээр олон улсын тавцанд улс орноо сурталчлах, монгол хүний чадвар, чадавхыг хүлээн зөвшөөрүүлэхэд биеийн тамир, спортын салбар өөрийн хувь нэмрээ оруулж байдгийг дурдахад таатай байна.  
Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас баталсан "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц"-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан нь спортын шударга өрсөлдөөнийг дэмжсэн, тамирчдын эрүүл мэндийн сахин хамгаалах бодлогын чухал шийдвэрийг гаргасан юм.
Монгол Улсын төр засгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын дэлхийн улс орнуудад хандан баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Бие  бялдрын боловсрол, идэвхтэй хөдөлгөөн, спортын олон улсын харти, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж, Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, иргэдээ эрүүл зөв амьдралын дадал хэвшилтэй болгох бодлогыг хэрэгжүүлж байна.  
Нэгдсэн Үндэстний байгууллагын бүрэлдэхүүн байгууллагуудаас баталсан шийдвэр, зөвлөмжийг салбарын хууль эрх зүй, бодлогын баримт бичигт тусган улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагаа, оролцоог хангаж, таниулан сурталчлах, эерэг нөлөөллийг олон нийтэд хуваалцаж, өөрийн байгууллагын жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусган бүх талаар дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Цаашид бид энэхүү уламжлалыг өвлүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлсээр, дэмжсээр байх ба Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний Суурин төлөөлөгчийн газар, хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллага, хамт олонд Нэгдсэн Үндэсний байгууллагын 80 жилийн ойн баярын мэндийг Монголын биеийн тамир, спортын салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс дэвшүүлж байна.
Даян дэлхий энх тайван байх болтугай.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
 Монгол
 Монгол English
 English

Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.