News

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “ТОКИО-2020”-Д ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЧ, ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛЛАА.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж, “Токио-2020” зуны олимп, паралимпын наадмын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчдын цалинг сард 1 200 000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг хүртэл нэмэхээр эцэслэн шийдвэрлэснийг дуулгалаа.




Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Засгийн газар баг, тамирчдаа бүхий л талаар анхаарч дэмжинэ. Өнөөдрийн шийдвэр бол сэтгэлийн дэм юм. Та бүхэн минь авъяас чадвар, хурд хүчээ дайчлан өндөр амжилт үзүүлж монгол түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн алтан соёмбот төрийн далбаагаа өндөрт өргөж, олимпийн медальтан олноор төрүүлэхийн ерөөл дэвшүүлээд Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтоход төрийн далбаа гардуулсан юм.




Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох: “Манай тамирчид Токиогийн олимпод амжилт гаргах бүрэн бололцоотой. 2008 оны олимпын амжилтаа бататгана гэдэгт бүрэн итгэлтэй байна гэсэн юм.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.