Япон улсын Токио хотноо 2021.07.23-08.08-ны өдрүүдэд зуны XXXII олимп, 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана.
Эдгээр наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн дарга Ц.Одонбаяраар ахлуулсан БТСУХ, МҮОХ, САУЭШТ, МҮПХ-ны төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэн олимп, паралимпод оролцох эрх авсан багуудыг хуваарийн дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар бэлтгэл цугларалтын нарийвчилсан төлөвлөгөө, төлөвлөлт, төсөв санхүүгийн асуудал, олимпод оролцох журам, заавар зөвлөгөө, зөвлөмжүүдийг өглөө. Уулзалтад чөлөөт бөх, жүдо, бокс, ширээний теннис, хүндийн өргөлт, пара байт харвааны төрлүүд оролцлоо.
БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр Үндэсний шигшээ багийн төрлүүдийн санхүүжилт, гүйцэтгэл, тайланг дүгнэн хэлэлцэж, тулгамдаж буй асуудлуудыг нь хүлээн авч, тодорхой ажлууд дээр холбогдох хүмүүст чиглэл өглөө.
Дэд ажлын хэсгийн гишүүн САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг 2021 оны эм витаминжуулалт олгосон байдал, спортын хоол, сэтгэл зүй, анагаах, эрдэм шинжилгээний чиглэлд хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Цар тахлаас үүдэн хил хаагдаж энэ оны уураг, амин дэм, нэмэлт бүтээгдэхүүний татан авалт бага зэрэг удааширсан ч шигшээ багийн тамирчдын эм витаминжуулалтыг тасралтгүй хангаж ажиллаж байна. Ирэх сарын 05-ны өдөр гэхэд 2021 оны татан авалт бүрэн хийгдэж дуусна.
Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа Монгол улсын засгийн газраас олимпын баг тамирчдад үзүүлж буй тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл өгч, сахилга бат, ёс зүйг өндөр түвшинд барих, “Ковид-19”-ын халдвар хамгаалалд онцгой анхаарахыг тодотголоо.
Бүх оролцогчид Токиог зорихын өмнөх 96 цагийн дотор 2 удаагийн PCR шинжилгээ өгөх ёстой. Хэрэв аль нэг хариу нь эерэг гарсан тохиолдолд онгоцонд суулгахгүй байх журамтай. Тиймээс халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарах шаардлагатайг баг тамирчдад анхааруулж байна.
Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Баясгалан багуудын нийт төсөв, бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд зарцуулсан байдал болон төсвийн тушаал шийдвэр, нислэгийн хуваарийн талаар мэдээлэл өглөө.
Монголын Үндэсний олимпын хорооны гадаад харилцааны мэргэжилтэн Б.Баяртуяа, спорт холбоод хариуцсан мэргэжилтэн З.Галхүү нар онцгой нөхцөлд зохион байгуулагдах олимпын наадмын үеэр баримтлах Олон улсын олимпын хорооноос гаргасан журам, зөвлөмжүүдийг танилцуулсан юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.