Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5 ба 17.2 дах заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/493 тушаал, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/46 тоот тушаалд заасны дагуу “Монголын оюутны спортын V наадам”-ын шигшээ тэмцээнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос арван хоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж байна.
“Универсиад-2020” наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр спортын төв ордны А зааланд боллоо.
Наадмын нээлтэнд ЗГТА-БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н. Түвшинбаяр нар болон их, дээд сургуулийн захирлууд, наадмын хөтөлбөрт багтсан 10-н спортын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирлээ.
Энэ үеэр МОСХ-ны захиалгаар МУГЖ Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан Монгол оюутны спортын сүлд дуулал " Оюутны спорт Универсиад" дууны шүлгийг бичиж, хөгжмийг зохиосон дуугаа анх удаа олны хүртээл болголоо.
Монголын оюутны спортын V наадам нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх сонирхлыг төрүүлэн хөгжүүлэх, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, Универсиад наадамд өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.
Энэхүү наадам нь оюутны дунд 2005, 2009, 2013, 2017 онд явагдан энэ оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа зохиогдохоор болсон юм.
Энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо ажиллаж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.