News

Дифлимпын наадмын медальтнуудад хүндэтгэл үзүүлэв


Бразилын Кашиас-Ду-Сул хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны спортын XXIV дифлимпын наадам тавдугаар сарын 1-15-нд болоход манай улсын хоёр тамирчин алтан соёмбот төрийн далбаагаа хоёронтоо мандуулсан билээ. Тухайлбал, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр алт, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Оюундэлгэрэх хүрэл медаль хүртэж, элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн юм. 78 орон оролцсон энэ наадамд багийн дүнгээр 32 дугаар байрт бичигдсэн нь түүхэн амжилт. Тэгвэл өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хоёр тамирчныхаа хосгүй амжилтыг өндрөөр үнэлж, Биеийн тамир, спортын улсын хорооны Хүндэтгэлийн танхимдаа хүлээн авч уулзав. Уулзалтад дифлимпын медальт хоёр тамирчнаас гадна Монголын дифлимпийн хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, дасгалжуулагч Э.Баттүшиг нар хүрэлцэн ирлээ. Д.Жаргалсайхан дарга алт, хүрэл медаль хүртсэн тамирчдынхаа үзүүлсэн амжилтыг өндрөөр үнэлж, Биеийн тамир, спортын улсын хорооны нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэн талархал илэрхийлэв. Дифлимпийн наадамд оролцсон баг тамирчдын зардалд Биеийн тамир, спортын улсын хорооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд медаль хүртсэн Н.Эрхэмбаяр, Б.Оюундэлгэрэх нарт Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн урамшуулал олгох болно.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.