Монголын бүх ард түмний спортын XV наадмын шатрын шигшээ тэмцээн есдүгээр сарын 10-14-нд “Тусгаар тогтнол”-ын ордонд болж, 21 аймаг, есөн дүүргийн нийт 60 (эрэгтэй, эмэгтэй) шатарчин өрсөлдөв. Монгол Улсад 13 Их мастер цолтон байдгаас зургаа нь энэ удаагийн тэмцээнд оюун ухаанаа сорьсон юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Дундговь аймгийн тамирчин, спортын мастер Х.Итгэл таван хожил, дөрвөн тэнцээтэйгээр тэргүүн байр эзлэв. Түүний хувьд Монголын бүх ард түмний спортын наадмын хамгийн залуу оролцогч ба тус наадмын анхны түрүүгээ хүртсэн нь энэ. Харин мөнгөн медалийг Өвөрхангай аймгийн шатарчин, их мастер Г.Мөнхгал, Хэнтий аймгийн тамирчин, хүрэл медалийг их мастер Д.Батсүрэн хүртэв.
Эмэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн тамирчин, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул долоо хожиж, хоёр хожигдолтойгоор алтан медаль хүртлээ.
Б.Мөнгөнтуул тус наадмын гурав дахь медалиа гардаж буй бөгөөд 2004 онд алт, 2012 онд мөнгөн медаль хүртэж байв. Дэд байрт Өвөрхангай аймгийн тамирчин, ДШХМ Э.Хулан орсон бол гуравдугаар байрт Баянгол дүүргийн тамирчин, Олон улсын мастер Д.Янжинлхам орлоо.
Тэмцээний нийлбэр дүнг Өвөрхангай аймаг тэргүүлж, Баянзүрх дүүрэг, Хэнтий аймаг удаалав. Өвөрхангай аймгийн баг Монголын бүх ард түмний спортын наадмын шатрын спортын анхны нийлбэр дүнгийн алтан медалиа хүртэж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.