Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оролцоог хангах зорилгын хүрээнд пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон” Дүнжингарав худалдааны төвийн талбайд боллоо. Уг марафоны нээлтийн ёслолд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны ТЗУГ-ын дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл болон гавьяат тамирчин Ж.Лхагважав нарын эрхэм хүмүүс оролцов.
Энэ үеэр Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Нийгэмд эерэг хандлага, хүн хоорондын харилцааг биеийн тамир, спортоор дамжуулан бий болгох нь нэн чухал соёл бөгөөд хүний хөгжлийн суурь нөхцлийг бүрдүүлэхэд биеийн тамирын салбарынхан үлгэрлэх ёстой”-г онцлов.
“Дүнжингарав марафон” жилийн бүрийн энэ өдөр уламжлал болгон зохион байгуулахаар тогтов. Анхдугаар марафоныг Биеийн тамир, спортын улсын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв зэрэг байгууллагын албан хаагчид хамрагдаж, тэмцээнд 1500 орчим тамирчин оролцов.
Марафон гүйлтийг мэргэжлийн тамирчдын 1500, 5000 метр, элит 21 км-ын зайд 18-34, 35-44, 45-49 насныхан өрсөлдсөн бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд Т-11 буюу бүрэн хараагүй 1500 метр, Т-12 буюу сул хараатай 5000 метр, Т-46 буюу гарын тайралттай 5000 метр, Т-53, 54 буюу тэргэнцэртэй 1500 метр, Т-37, 38 буюу саажилттай 1500 метрийн зайн уралдаанд 16-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй гүйгчид өрсөлдсөн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.