News

Чингэлтэй дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн нээлт болов

 

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн гулгуурын талбай ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Баянмөнх, Дэлхийн хоккейн холбооны Азийг хөгжүүлэх төлөөлөгч, ОУХМ А.Мэргэн нарын хүндтэй зочид, өсвөрийн шигшээ багийн тамирчид болон иргэд оролцов. Энэхүү спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай, Засаг даргын дэргэдэх өсвөрийн 15 шигшээ баг хичээллэх юм. Өглөө 07:00 цагаас 22:00 цаг хүртэл ард иргэдэд нээлттэй байх аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Люксвүүд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

Спорт цогцолборын

Зоорийн давхарт: Техникийн өрөөнүүд, усан танк, агуулах, бассейны ванн,

1 дүгээр давхарт: Үүдний хэсэг, хувцасны өлгүүр, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн,  ариун цэврийн өрөө,

2 дугаар давхарт: Бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, үзэгчид, тамирчид, шүүгчдийн суудал, хувцас солих өрөө, ариун цэврийн  өрөө,

3 дугаар давхарт: 280 үзэгчдийн суудалтай спорт заал,

4 дүгээр давхарт: Тамирчдын  хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн  өрөөг төлөвлөлтийн дагуу хийж гүйцэтгэсэн юм.

Тус спортын цогцолбор барилга ашиглалтад орсноор иргэд олон улсын стандартад нийцсэн орчинд спортоор хичээллэх, эрүүл мэндээ дэмжих,  ая тухтай орчинд нийтийн соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах бүрэн боломжтой. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.