Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах спортын холбоодтой өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаныхан гээд нийт 4500 орчим хүн Улаанбаатар хотод ирэх тооцоо гарчээ. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “2023 он спортын салбарынхны хувьд чухал үйл явдлаар дүүрэн жил. Энэ томоохон наадмыг зохион байгуулах санаачилгыг Улаанбаатар хотынхон үүрч байна. Спорт гэдэг тухайн улс орны хөгжлийн шалгуур, түүчээ болдог онцлогтой. Иймд дэлхийн бүх орон олимпын наадам, олон улсын тэмцээн, уралдааныг зохион байгуулах эрхийг авахын тулд өрсөлддөг.
Спорт гэдэг пирамидын тогтолцоотой. Орой дээр нь тэмцээн уралдааны амжилт гялалздаг. Харин пирамидын суурийг бүрдүүлж буй биеийн тамир, спортыг сонирхогч хэн бүхэнд итгэл, урам, эрчмийг өгч байдгаараа спортын наадам онцлогтой” гэлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.