News

“ХАНЖОУ-2022” АЗИЙН ЗУНЫ IV ПАРА НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО


🔸БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болж байна. IV наадамд 44 орны 3780 тамирчин спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөхөөр хуран чуулсан бөгөөд манай улсаас спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байна.
🔸Азийн зуны спортын пара наадмын түүхэнд хамгийн олон монгол тамирчин оролцож байгаа нь онцгой содон зүйл юм.
Өнөөдөр тус наадмын нээлтийн ёслол болж, Монголын багийн тугийг пауэрлифтингийн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн аварга, “Парис-2022” гранпригийн алт, “Софи-2022” гранпригийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа нар ёслол төгөлдөр заллаа.
🔸Түүнчлэн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү, БТСУХ-ны Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Спорт ба Эмэгтэйчүүд комиссын дарга Насанбатын Оюунбат нарын хүндтэй эрхмүүд оролцсон юм.
🔸Манай улсын тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар пара наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртэж байсныг энд эргэн сануулая. “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Д.Нямхүү ажиллаж байна. Тамирчдын бэлтгэл сургуулилт жигдэрсэн, маргааш таеквондо, жүдо бөхийн төрөлд “цагаан өмсгөлтөн“-үүд маань хүчээ үзэх нь.
🔸Энэ наадмын Монголын баг тамирчдын хамгийн олон оролцсон нь Э.Содномпилжээ (4 удаа) бол хамгийн ахмад нь суугаа волейболын тамирчин Ч.Наранцэцэг (65 настай), хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун (16 настай) юм. “Ханжоу-2022” Азийн наадамд хамгийн олон тамирчин оролцуулж буй нь БНХАУ-ын баг 3925 (1978 эрэгтэй, 1947 эмэгтэй) юм байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.