Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос “Спортын дасгалжуулагчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулахад Үндэсний шигшээ баг, спорт холбоодын 30 дасгалжуулагч хамрагдлаа. Мөн Спортын бэлтгэл дасгалжуулалтыг дэмжих баг болон Мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо, Монголын боксын академийн төлөөлөл ирсэн байв. Онцлох зүйл нь, дасгалжуулалтын өнөөгийн байдлыг тодорхойлж, одоо боловсруулагдаж буй хууль эрх зүйн баримт бичигт дасгалжуулагчдын саналыг тусгасан юм.
Зөвлөгөөний эхэнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын салбарт ажиллаж буй дасгалжуулагч нарын мэргэжлийн эрх ашгийг нэгтгэж, иргэдийн бие бялдрын дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхэд дасгалжуулагч нарын оролцоо, үүрэг хариуцлагыг тодорхойлох, төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд дасгалжуулагч нарын оролцоог хангах, дасгалжуулагч нарын мэдлэг боловсрол дээшлүүлэх нөхцөл бүрдүүлэх, дасгалжуулагчдад тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийг хайх, хамтран ажиллах боломжийг судлахад энэ зөвлөгөөний зорилго оршиж байна” хэмээн тодотголоо.
“Парис-2024” зуны олимпын наадамд баг тамирчдыг бэлтгэх хүрээнд 26.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгсөн бөгөөд өмнө нь явж ирсэн “Олимпыг дэмжих сан”-г дахин явуулахгүй гэдгээ илэрхийлж, улсаас спортыг дэмжих хэрээр тамирчин, дасгалжуулагчдын сахилга бат, ёс зүйд уялдуулан тэдэнтэй хийсэн гэрээний гүйцэтгэлийг авч хэлэлцэх ёстойг дуулгалаа. Нэг үеэ бодвол спортын салбар дахь дасгалжуулагчийн цалин нэмэгдүүлж, тэдний ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж байна. Тухайлбал, энэ оны зургадугаар сард аймаг, дүүргийн спорт хороо, газрын дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн цалинг 40-60 хувиар нэмсэн билээ.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр:
-Биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт
-Дасгалжуулагчдыг бэлтгэж ирсэн тогтолцоо, цаашдын чиг хандлага
-Дасгалжуулагч нарын нэгдсэн бүртгэл гаргах, мөшгөх судалгаа хийх
-Сайдын дэргэдэх дасгалжуулагчдын орон тооны бус зөвлөл байгуулах зэрэг асуудлаар илтгэл тавьж, асуулт асууж, хариулт өглөө.
Энэ зөвлөгөөний төгсгөлд
дасгалжуулагч нарын өмнө тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн баримт бичигт
тэдний санал хүсэлтийг тусгаж, “Сайдын дэргэдэх дасгалжуулагчдын орон тооны бус
зөвлөл” байгууллаа. Биеийн тамир, спортын төлөө зүрх сэтгэлээ зориулан дэмжиж
байдаг дасгалжуулагч нар “Эв нэгдэл, ёс зүй-амжилтын түлхүүр” уриалга гаргаж,
уг зөвлөгөөнийг дахин явуулах хүсэлт гаргалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.