Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Биеийн тамир, спортын улсын хорооны гурван албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.
Төрийн захиргааны удирдлагын газрын Байгууллагын дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн Өлзийбатын Бямбасүрэн, Агентлагийн дотоод үйл ажиллагаа, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Занд-Очирын Мөнхзул, Үндэсний шигшээ багийн Өсвөр үеийн шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтэн Элгелийн Баттүшиг нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөсөн юм.
Ө.Бямбасүрэн нь 2017 онд Баянзүрх дүүргийн Тамгын газраас ажлын гараагаа эхлүүлж, Биеийн тамир, спортын улсын хороонд гурав дахь жилдээ ажиллаж буй залуу боловсон хүчин. Харин З.Мөнхзул нь Цагдаагийн Ерөнхий газраас ажлын гараагаа эхлүүлж, энэ оны гуравдугаар сараас БТСУХ-нд ажиллаж буй бөгөөд төрийн байгууллагад долоо дахь жилдээ ажиллаж яваа арвин туршлагатай боловсон хүчин юм. Хуулийн байгууллагад ажилласан он жилүүдээ дүгнэхдээ “Цагдаагийн байгууллага бол миний ажил, амьдралын салшгүй хэсэг, дурсамжтай өнгөрүүлсэн цаг мөч мөн” хэмээн өгүүлж байна. Э.Баттүшиг нь Биеийн тамир, спортын салбарт 23 жил ажилласан, биеийн тамирын багш, дасгалжуулагчаас албаны дарга хүртэл дэвшин ажилласан өндөр туршлагатай төрийн албан хаагч билээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн Та бүхэнд салбарын нэрийн өмнөөс амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй ажиллахыг хүсье. Төрийн албандаа их зүйлийг бүтээж, шударга ажиллаарай” хэмээн захисан юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.