News

БСШУСБХ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Спортын салбарт хөрөнгө оруулсан бол 6 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг эдэлнэ

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанд хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулав.


Тэрбээр, Улсын Их Хурлын “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 12 дугаар тогтоолын хавсралтад Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тусгасан. Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлэх шаардлага үүссэн

Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ажлын хэсэг 8 удаа, ажлын дэд хэсгүүд 20 гаруй удаа хэлэлцэж,  8 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулжээ. Нээлттэй хэлэлцүүлгийг спортын 68 холбоо, судалгааны 5 байгууллага, аймаг, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын 30 удирдах ажилтан, 300 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч, хувийн хэвшлийн 20 орчим төлөөлөл, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчдийг оролцуулан зохион байгуулж, дэвшүүлсэн саналын 72 хувийг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг "Алсын хараа-2050"-д уялдууулан “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтыг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд Сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох”Зөв дадал хэвшлийг дэмжих” гэж тусгасан нь зөвхөн төрийн бодлого, дэмжлэгээс гадна хувь хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг, оролцоо чухал болохыг тодорхойлж, “Иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйл” гэсэн шинэ бүлгийг нэмсэн.


Спортын тамирчид, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, аргазүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийн орчныг төлөвшүүлэхийн төлөө ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөхөөр хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд заажээ. Тухайлбал, спорт холбоо бүр өөрийн ёс зүйн зөвлөлтэй байх, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд мөнгөн шагнал, урамшууллыг олгохыг түр түдгэлзүүлэх, бусад арга хэмжээ авах зэрэг заалт оруулсан. Монгол Улсын Засгийн газраас допингийн эсрэг үйл ажиллагаанд хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгаж, холбогдох байгууллагуудын чиг үүрэг, ажлын уялдаа холбоо, хяналт, тэнцлийг боловсронгуй болгох, допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулах бүлгийг боловсруулсан. Ингэхдээ Дэлхийн допингийн эсрэг байгууллага буюу WADA-тай харилцан зөвшилцсөн хэмээн танилцууллаа. Спортын салбарт хөрөнгө оруулж буй компаниудад аж ахуйн нэгжийн орлогоос төлөх татвар, гаалийн тарифын хөнгөлөлт зэрэг 6 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр төсөлд тусгажээ. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин, дасгалжуулагч, спортын холбоодын үйл ажиллагааг зохицуулсан 8 заалтыг шинээр оруулсан. Мөн сум, дүүрэг бүрт биеийн тамирын аргазүйч ажиллуулна. Улсын хэмжээнд 430 орчим спортын аргазүйч ажиллуулах хэрэгцээ үүснэ. Биеийн тамирын үйлчилгээг иргэн бүрд хүргэх боломж нээгдэнэ хэмээн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад тус Байнгын хорооны дарга Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нарын төхөөрөмж гацсан тул өмнөх санал хураалтуудыг хүчингүйд тооцож, дахин санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь дэмжсэн тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.