News

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

 

Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг шагнаж урамшуулав. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар өнөөдөр Б.Эрдэнэваанчиг даргатай Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн ажилтан албан хаагчдад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардуулсан юм.

Тус төв нь өдгөө үндэсний шигшээ багийн 25 спортын 300 гаруй тамирчин, дасгалжуулагч болон нийтийн биеийн тамираар идэвхтэй хичээллэгсэд, аймаг, дүүргийн өсвөр, залуучуудын шигшээ баг, ахмад тамирчдад эмнэлэгийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх, спортын эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.

Уг байгууллага нь 1961 онд МАХН-ын төв хороо, Сайд нарын  зөвлөлөөс 1960 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 214/144-р тогтоол, Эрүүлийг хамгаалах яамны сайдын 93 тоот тушаалаар Эмнэлэг, биеийн тамирын диспансер нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан түүхтэй.

Үүнээс хойш 1974 онд “Спортын шинжлэх ухааны судалгаа, туршилтын үйл ажиллагаа эрхлэх лаборатори” болон “Эмнэлэг, биеийн тамирын диспансер” нэртэйгээр ажиллаж, 1994 онд Биеийн тамир спортын үндэсний төв” болон БСШУЯ-ны харьяа “Биеийн тамир спортын газар”-ын  “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба, 2020 оноос Засгийн газрын 136 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны харьяанд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нэртэйгээр анх удаа бие даасан бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус байгууллага нь дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулахдаа 2020  онд 14,469 хүн, 2021 онд 21,358 хүн, 2022 онд 21,067 хүн, 2023 онд 23,644 хүнийг эмнэлэгийн үзлэг, сорил шинжилгээнд хамруулжээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.