News

МЭНДЧИЛГЭЭ


    Монголын биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага, эх орныхоо өнцөг булан бүрд болон дэлхийн бусад улсад ажиллаж амьдарч байгаа ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортыг хөгжөөн дэмжигч, сонирхогчид та бүхэнд “МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР”, 88 дахь жилийн мэндийг өргөн дэвшүүлье!
    Энэ онд Монгол улсад орчин үеийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан онцлог жил юм.
Биеийн тамир спортын салбар нь тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн “Алсын хараа-2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд .нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын тив, дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлэхээр тодорхой зорилтууд дэвшүүлэн тодорхой үр дүнд хүрснийг дурдахад таатай байна.
Биеийн тамир, спортын улсын хороо нь спортын холбоодоор дамжуулан насанд хүрэгчид болон залуучуудын шигшээ багуудын тамирчдыг бэлтгэн улс, олон улс, тив, дэлхий, олимпын наадмуудад өндөр амжилтуудыг гаргаж байгаа билээ.
    Монголын Үндэсний шигшээ багийн баг тамирчид “Парис-2024” олимпын наадамд спортын 9 төрөлд 33 эрх , паралимпын наадамд спортын 6 төрөлд 9 эрх тус тус авсан ба нийт 42 тамирчин оролцохоор бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
   Үндэсний шигшээ багийн тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт, дасгалжуулалтаар хангах, тамирчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, тамирчдын сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, хоол, шим тэжээлийг тохируулах чиглэлээр мэргэжлийн тусламж, үйлчилгээ, арга зүйгээр ханган ажиллаж, спортын амжилтыг нэмэгдүүлэх зорилготой цогц үйлчилгээ үзүүлэх дэмжих баг ажиллаж байна.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, ард түмнийхээ цог хийморь, итгэл хүслийг бадрааж байдаг Монголын тамирчдын яруу алдар үргэлж мандан бадарч байх болтугай.
    Тамирчин, дасгалжуулагч та бүхэндээ “Парис-2024” Олимп, Паралимпын наадамд төрийн далбаагаа өндөрт өргүүлж, төрийн дууллаа олонтоо эгшиглүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ДАРГА О.БАТТУЛГА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.