Удтал хүлээлгэсэн "Парис-2024" зуны олимпын наадам өндөр үүдээ нээлээ. 2021 оны Токиогийн олимпоос буухиалсан Парисын олимпын спортын талбарт таван тивийн 206 орны шигшмэл 10,500 тамирчин ур чадвараа сорихоор хуран чуулсан нь энэ ээ.
Францын нийслэл Парис хотноо зуны олимпын наадам 100 жилийн дараа дахин болж буй энэхүү онцлог мөчлөгт Монгол Улсын 32 тамирчин спортын есөн төрөлд хурд, хүчээ сорьж байна. Зуны олимпын наадамд манай улсын баг тамирчид 60 жилийн тартээ анхлан оролцож эхэлсэн
ба өдгөө 30 (хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл) медаль хүртжээ.
Эдгээр амжилтыг чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын спортын тамирчид тамгалсан түүхтэй. Бахдал дүүрэн энэхүү амжилтыг ахиулахаар Парист хүрсэн 32 тамирчиндаа амжилтын дээдийг ерөөе.
Энэ дашрамд олимпын наадмын Монголын тамирчдын онцлох амжилтыг эргэн сануулж байна. Анхны медалийг чөлөөт бөхийн төрөлд Ч.Дамдиншарав (Мехико-1964) хүрэл медаль хүртсэн бол анхны алтан медалийг жүдо бөхийн төрлөөр Н.Түвшинбаяр (2008 онд), анхны медаль хүртсэн Монгол эмэгтэй тамирчин бол буудлага спортын Д.Мөнхбаяр (1992 онд) юм. Харин олимпын анхны мөнгөн медалийг Ж.Мөнхбат хүртсэн бол хамгийн олон медаль богцолсон нь "Лондон-2012" олимпоос нийт таван медальтай ирж байв.
Монголын тамирчдын олимпын зам дандаа дардан байгаагүй. “Лос-Анжелес-1984" олимпын наадмыг өнжиж,
"Токио-1964”, "Сидней-2000" олимпын наадмаас медальгүй ирсэн гашуун түүхээ бас мартах учиргүй. Тэгвэл түүхэндээ хамгийн цөөн тамирчинаа илгээсэн олимп нь "Атланта-1996" (18 тамирчин) юм. Хамгийн олон спортын төрөлд тамирчинаа оролцуулсан нь "Москва-1980”-гийн олимп ба энэ удаагийн Парисын олимп байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид долоо, буудлагынхан хоёр медаль хүртжээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.