Монголын бахархал, үндэсний онцлогийг дэлхий дахинд танилцуулж, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх зорилготой "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль нар хур тэгширсэн намрын эхэн сарын 12-нд нээлтээ хийсэн билээ. Тус арга хэмжээг нээж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ:
Монгол орныхоо 4 зүг, найман зовхисоос нүүдэлчин ахуйг сурталчлан алдаршуулахаар энэхүү хүрээнд хуран чуулсан элэг нэгт ахан дүүсээ,
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фесивалийг үзэж сонирхохоор хол, ойроос хүрэлцэн ирсэн зочид, гийчид, хатагтай ноёд оо,
Та бүхэндээ нар хур тэгширсэн намрын эхэн сарын 12-ны билэгт сайн улаан хулгана өдрийн мэндийг дэвшүүлье.
Монголчууд бидний өвэг дээдэс Төв Азийн өндөрлөгт хэдэн мянганы турш аж төрөхдөө байгаль, эх дэлхийнхээ сүр хүчийг шүтэн, мал сүргээ цагийн аяст нийцүүлэн адгуулж, усны тунгалаг, ургамлын шимтэй газар орноор нүүдэллэн нутаглаж, ирсэн билээ. Нүүдлийн ахуйг дагасан энэхүү өвөрмөц соёлын илэрхийллүүд нь эртний уламжлалт хэв шинжээ алдалгүй, олон зуун жил тогтвортой оршин тогтнохын зэрэгцээ шинэ агуулгаар сэлгэгдэн хувьсан өөрчлөгдөж, баяжиж хөгжсөөр нүүдлийн соёл, иргэншлийн үнэт зүйлийн сан хөмрөгийг бүрдүүлэн өнөөдөртэй золгосон.
Нүүдлийн соёл иргэншил бол зөвхөн хүн байгалийн харилцан шүтэлцээ төдий юмс үзэгдэл бус юм, түүний мөн чанарт нийгмийн тогтвортой хөгжлийг хангах шавхагдашгүй нөөц хадгалагдаж байдаг. Бид энэхүү нөөцийг таньж мэдэх, ахуй амьдралдаа хэрэглэх нь хүн төрөлхтний өмнө сорилт болон тулгараад байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн, үндэстэн угсаатны зөрчил мөргөлдөөн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Монгол орон нь нүүдлийн соёл иргэншлийн сонгодог хэв шинж үүсэж бүрэлдсэн өлгий нутаг, нүүдлийн ахуй соёлын амьд уламжлалыг өнөөг хүртэл хадгалан үлдсэн цөөн улсын нэг болохыг хувьд нүүдлийн соёл, иргэншлийн үнэт зүйлсийг хойч үедээ өвлүүлж үлдээх хүндтэй бөгөөд харуцлагатай үүргийг дэлхий дахины өмнө хүлээж байна. Тийм ч учраас бид дэлхий дахинд нүүдлийн уламжлалыг хадгалсан улс орнуудын соёлын төсөөтэй ба ялгаатай хэв шинжийг сурталчлах, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын ялгаатай байдлыг тэгш хүндэтгэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгын дор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Фестивалийн нэр хүнд богино хугацаанд мэдэгдэхүйц өсөж, хамран цар хүрээ, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгаад уг фестивалийг санаачлагчийн хувьд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн хэлье ээ. Энэ ташрамд фестивалийн агуулга, өнгө төрхийг өөрсдийн өвөрмөц соёлоор гоёхоор ирсэн гадаад улсын оролцогчиддоо гүн талархал илэрхийлж байна, үүний зэрэгцээ алс холын Өмнөд Америк тивээс хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Колумби Улсын зочид төлөөлөгчдөд тусгайлан талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Энэ удаагийн фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг та бүхэнд толилуулахад бэлэн болоод байна. Гурван өдрийн туршид зохион байгуулагдах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фетивалиас Та бүхэн нүүдэлчин Монголчуудын болон дэлхийн нүүдэлчдийн соёлын үнэт зүйл, өв уламжлал, ёс заншил, уламжлалт мэдлэг, нүүдлийн соёл иргэншлийн мөн чанар, философи, ололт амжилтаас харилцан суралцаж, нүүдлийн соёлыг хамтран хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна
Эцэст нь фестивалийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан хувь хүн, албан байгууллага болон сайн дурын ажилтнууддаа Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Үүгээр “Нүүдэлчин-2024” дэлхийн соёлын фестивалийн үйл ажиллагаа албан ёсоор нээгдсэнийг мэдэгдье.
Даян дэлхийд нүүдэлчин ухаан түгэн дэлгэрч,
Даяар олноороо амар амгалан жаргах болтугай.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.