🔸Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-нд, 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд боллоо. Дээрх хоёр тэмцээнд давхардсан тоогоор 21 орны нийт 80 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөхөд Монголын тамирчдын хамгийн өндөр амжилтыг Б.Нарантуяа үзүүлсэн бөгөөд тэрбээр Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв.
🔸Тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга оролцож, медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулсан юм. Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга Олон улсын бильярдын болон снукерын холбооны ерөнхийлөгч Мубарак Аль Хаяринтай уулзаж, Монголын бильярдын өнөөгийн хөгжил, цаашид тус спортыг эрчимтэй хөгжүүлэхэд олон улсын холбооны дэмжлэг, төрийн зүгээс үзүүлэх бодит боломжийн талаар ярилцлаа.
🔸Энэ удаагийн Дэлхийн цом, ДАШТ-ийг Монголд зохион байгуулахад Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. ОУББСХ-ны ерөнхийлөгч Мубарак Аль Хаярин снукер бильярдын дэлхийн цомын анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулсаныг тодотгож, Монгол улсад снукер бильярдын Дэлхийн цомын тэмцээнийг гурван жил дараалан зохион боломжтойг дуулгалаа. 6 улааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд Хонгконгийн тамирчин Он-И түрүүлсэн бол эрэгтэйчүүдэд Энэтхэгийн тамирчин Камал Чавла алтан медаль хүртлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.