Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн театрт арванхоёрдугаар сарын 19-нд болно. Наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хийх ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарилалтыг хэлэлцэж, өмнөх наадмуудаас илүү шинэлэг хэлбэрээр зохион явуулна. Энэ өдрийн хурлыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга удирдан явуулж зохион байгуулах комиссын гишүүд болох МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлстийн дарга Ж.Баасансүрэн, МҮОХ-ны зөвлөх А.Ундрал, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Б.Хишигзаяа, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Г.Ичинхорлоо нар оролцов. Өмнөх наадмуудыг МҮОХ-ноос зохион байгуулж ирсэн бол энэ удаагийн наадмыг ССАЖЗЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, УДЭТ, МҮОХ хамтран зохион байгуулах юм.
22 дахь удаагийн “Бөртэ чоно-2024”наадмын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллах бөгөөд ёслолыг “Тэнгэр” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг “Бөртэ чоно”наадмыг анхлан санаачилсан нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин бол анхны “Бөртэ чоно” цомыг ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байв. Харин энэ цомыг хамгийн олон хүртсэн нь олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар бөгөөд тэрбээр 2004, 2006, 2009 онуудад “Бөртэ чоно” цомыг гардаж байжээ.
"Бөртэ чоно" наадмын он оны шилдгүүд:
2002 он: О.Пүрэвбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль)
2003 он: О.Гүндэгмаа (буудлага спортын оюутны ДАШТ-ий алтан медаль)
2004 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд"Афин-2004" олимпын наадмын хүрэл медаль)
2005 он: Б.Наранбаатар (чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медаль)
2006 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн төрөлд"Доха-2006" Азийн наадмын алтан медаль)
2007 он: Э.Бадар-Ууган (боксын ДАШТ-ий мөнгөн медаль)
2008 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд"Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль), Э.Бадар-Ууган (Бээжин-2008" олимпын наадмын алтан медаль) хоёул шилдэг болсон.
2009 он: Х.Цагаанбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль), П.Сэрдамба (боксын ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2010 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2011 он: П.Сэрдамба (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2012 он: Н.Түвшинбаяр (жүдо бөхийн төрөлд "Лондон-2012" олимпийн наадмын мөнгөн медаль)
2013 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2014 он: С.Цэрэнчимэд (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтан медаль), Г.Бодбаатар (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль) хоёул шилдэг болсон.
2015 он: С.Батцэцэг (чөлөөт бөхийн ДАШТ-ий алтанмедаль)
2016 он: Д.Сумъяа (жүдо бөхийн төрөлд "Рио-2016" олимпын наадмын мөнгөн медаль), Д.Отгондалай (боксын төрөлд "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт) тухай жилээс эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь шилдгийг шалгаруулдаг болсон.
2017 он: Д.Сумъяа (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2018 он: М.Нандинцэцэг (боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл)
2019 он: Э.Цэндбаатар (боксын ДАШТ-ий хүрэл медаль)
2020 он “Бөртэ чоно” наадам түүхэндээ анх удаа өнжив.
2021 он: М.Уранцэцэг (жүдо бөхийн ДАШТ-ий алтан медаль)
2022 он: Ц.Цогтбаатар (жүдо бахийн ДАШТ-ий алтан медаль)
2023 он: Б.Отгонболд (“Ханжоу-2023” Азийн наадмын алтан медаль)
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.