Мэдээ

Сонирхогчийн радио холбооны тухай

Сонирхогчийн радио холбоо буюу HAM radio нь холбооны тусгай төхөөрөмжүүдийг ашиглан нийгмийн үйлчилгээ үзүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зорилгоор өөр хоорондоо холбоо барьдаг нэг төрлийн үйлчилгээ, мөн хобби юм.

Сонирхогчийн радио холбооны операторууд нь өөр хоорондоо (Дэлхийн бүх улс гүрнүүдийн иргэд) 24 цагийн туршид холбоо барьж мөн тив, дэлхийн болон олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг байнга зохион явуулж өөрсдийн радио спортын ур чадвар, радио электроникийн мэдлэг боловсролоо тогтмол дээшлүүлж байдаг.

Албан болон бизнесийн байгууллагуудын радио станцууд нь ашгийн төлөө ажилладаг бол Сонирхогчийн радио холбооны операторууд нь байгалын болон бусад гамшгийн үед ч нэн шаардлагатай холбоо харилцааг найдвартай ханган үйлчлэхэд бэлэн байдаг, өндөр хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байдаг юм.

Сонирхогчийн радио холбооны операторууд өөр хоорондоо ердийн холбоо, мөн уралдааны холбоо барин үүнийгээ баталгаажуулж карт солилцдог. Энэ картан дээр холбоо барьсан хүний дуудлага, он сар өдөр, цаг, долгион, холбооны төрөл зэргийг бичсэн байдаг. Дэлхийн хэмжээнд энэ картыг үндэслэн DXCC, WAZзэрэг нэр хүндтэй олон диплом олгодог ба манайд спортын цол зэрэг олгодог. Манай холбоо Чингис Хаан, Улаанбаатар, CQ Zone 23 зэрэг диплом гарган дэлхийн богино долгиончдод олгон үүгээрээ дамжуулан өөрийн эх орноо сурталчилж байна.

Сонирхогчийн радио холбооны операторууд болох богино долгиончдын газар зүйн мэдлэг маш өндөр байдаг. Тэд дэлхийн улс гүрнүүдийг нийслэлийнх хамт газар зүйн байрлалаар нэрлэн, тэр ч бүү хэл Атлант болон Номхон далайн хүн огт амьдардаггүй өчүүхэн арлын ч байрлалыг газрын зураг дээрээс төвөггүйхэн олох мэдлэгтэй болсон байдаг.

Өнөөдрийн байдлаар, манай улсад сонирхогчийн радио холбоогоор ажиллах эрхийн бичиг, хувийн дуудлагатай 26 монгол иргэд, 3 радио клуб байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл