Мэдээ

Өндөр хурдны Телеграфын тухай

Өндөр хурдны телеграф буюу Монголчуудын ярьж заншсанаар Хурдач радист нь Морзоор аль болох өндөр хурдаар нэвтрүүлэх, хүлээн авах чадварыг шалгасан радиоспортын нэг төрөл юм. Энэ спорт өнөөдөр Зүүн Европын орнуудад илүү өргөн хөгжиж байна. Хурдач радистын анхны Олон улсын тэмцээн хуучин нэрээр ЗХУ-ын Москва хотноо Европын өндөр хурдын телеграфын аварга нэртэйгээр 1983 онд зохиогджээ.

Анхны Өндөр хурдны телеграфын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Сиявок хотноо 1995 онд зохион байгуулагджээ. Үүнээс хойш уламжлал болон Европын орнуудад явагдаж байгаа ба Олон улсын Радио сонирхогчдын холбооны (IARU) гишүүн холбоод зохион байгуулан явуулж байна.

Манай баг тамирчид 1958 оны 11 сард БНХАУ-д социалист орнуудын хүрээнд болсон Олон улсын тэмцээнд анх удаа оролцсоноор Өндөр хурдны телеграфын радиоспорт Монголд хөгжих эх үүсвэрийг тавьжээ. Энэ багт К.Дэмбэрэлсамбуу, С.Пүрэв, Д.Ёндон, Ч.Сүрэн (эмэгтэй) нарын тамирчид оролцсон байна.

БНМАУ-ын анхны хурдач радистийн тэмцээн 1962 онд явагдсан ба Х.Туул түрүүлэн анхны спортын мастер болж байжээ.

2017 онд Унгар улсад зохион байгуулагдсан ӨХТ-ын ДАШТ-ээс ОУХМ С.Буянтогтох Хүрэл медаль хүртсэн юм. ОУХМ С.Буянтогтох ДАШТ-ээс манай улсын анхны медалийг эх орондоо авчирсан ба ДАШТ-ээсс медаль хүртсэн Ази тивийн анхны эмэгтэй тамирчин болсон юм. 2018 онд Казакстан улсад болсон ДАШТ-ээс ОУХМ С.Буянтогтох Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатар Хүрэл медаль хүртсэн өндөр амжилтийг тус тус гаргалаа. Ийнхүү Монгол улс ДАШТ-ээс хүртсэн медалийнхаа тоогоор Ази тивдээ тэргүүлж байна.

Өнөөдөр манай холбоо ОУ-ын Эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Мартын 8" бүсгүйчүүдийн тэмцээн, мөн "Залуу Морзчин", Улаанбаатар хотын АШТ, Улсын АШТ-үүдийг Эрэгтэй, эмэгтэй ангилалаар жил бүр зохион явуулж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл