Монгол улсад Радио спортын үүсэл хөгжил нь анх МАХН-ын ТХ-ны УТ-ийн товчооны тогтоолоор Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэгийг МБТСЭ-ийн ТЗ-ийн харъяанд 1958 оны 4 сарын 15-нд Радио төв клуб нэртэйгээр байгуулагдсанаар эхэлсэн юм. РСТК-ын даргаар М.Тэрбиш, Л.Хорлоо, Б.Дамбий, Г.Өлзийсайхан, Д.Бүрнээ, Н.Хосбаяр JT1CD, Д.Мижиддорж JT1CP нар ажиллаж байжээ.
Радио төв клуб нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэд, залуучуудын дунд радио техникийг сурталчлах, радио спортын шинэ төрлүүдийг бий болгон хөгжүүлэх ажлыг зохион байгуулан явуулах болсон байна. ЗХУ-ын ДОСААФ-аас уригдаж ирсэн Казмер Николаевич Журавнецкийн удирдлагын доор Радио төв клубын дэргэд “ПУРК 24” аппаратаар тоноглогдсон радио операторчны танхим байгуулагдан радио сонирхогчдод анхны хичээлээ эхлэн 3-р зэргийн радиотелегарфчны програмаар сургалтаа явуулж эхэлсэн байна. 1958 оны 11 дүгээр сард болсон Социалист орнуудын хурдач радистийн тэмцээнд манай тамирчид урилгаар оролцон Олон улсын тэмцээний гараагаа эхэлсэн юм. Энэ тэмцээнд манай тамирчдыг амжилттай оролцуулахын тулд хурдач радистийн секцийг мэргэжлийн радио операторуудыг оролцуулан К.Н.Журавнецкий өөрийн биеэр дасгалжуулсан байна. Социалист орнуудын хурдач радистийн ОУ-ын тэмцээнд манай улсын анхны багийн бүрэлдэхүүнд К.Дэмбэрэлсамбуу, С.Пүрэв, Д.Ёндон нар болон эмэгтэй тамирчин Ч.Сүрэн нар орсон байна.
Мэргэжилтний зөвлөгөө, ОУ-ын тэмцээнд оролцсон туршлага дээрээ тулгуурлан 1959 онд Радиогийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын аварга шалгаруулах хурдач радистийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж явуулсан ба өсвөрийн залуу тамирчдыг секц дугуйлангаар сурган үе үеийн тамирчдыг бэлтгэснээр энэ тэмцээн өнөөдрийг хүртэл уламжлал болон амжилттай явагдаж байна. Ингэж радио сонирхогчид, хурдач радистийн эгнээ тасралтгүй өсч, хамрах хүрээ өргөжсөнөөр 1962 онд хурдач радистийн анхны Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж бүх аймаг, хотоос олон тамирчид оролцсон ба залуу тамирчин Х. Туул 17 насандаа түрүүлэн БНМАУ-ын ууган Аварга, энэ төрлийн спортын анхны мастер болж байжээ. Тэрээр дараагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд дахин түрүүлж Улсын хошой аварга болсон байна. Хурдач радистийн дасгалжуулагчаар Д.Ёндон, Х.Туул JT1AJ, Б.Дамбий JT1AG, С.Пүрэв, Д.Бүрнээ нар ажиллаж байсан байна. Өсвөр үеийнхэнд зориулан Пионерийн ордоны дэргэд радио чимээний дугуйлан нээн ажиллуулсан ба анхны багшаар М.Мэндээ JT1CZ ажиллаж байв.
Улаанбаатар дах Чехословак улсын ЭСЯ-ны холбоочин Л.Клаучик, OK1KW 1957 оны 9 дүгээр сарын 3-ний өдөр анх JT1AA дуудлагаар манай улсаас анх удаа Дэлхийн радио сонирхогчидтой Богино долгионы радио станцаар CW төрлөөр холбоо барьжээ. Монголчуудаас Б.Дамбий 1960 онд JT1AG дуудлагаар богино долгионы станцаар ажиллаж эхэлжээ. Улмаар 1959 оноос радио зохион бүтээгчдийн хөдөлгөөн өрнөн мэргэжилтэн К.Н.Журавицкийн зөвлөсний дагуу манай инженер техникчид Радио сонирхогчдын хамтын станц байгуулан нэвтрүүлэх аппарат, хүлээн авагчуудыг анх өөрийн орондоо хийж С.Пүрэв, Д.Ёндон нар JT1KAA дуудлагатай хамтын станц байгуулан Дэлхийн богино долгиончидтой холбоо тогтоон Олон улсын уралдаан тэмцээнд оролцох болсон байна. 1963 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс радио сонирхогчдын ажиллагааг дэмжин хөгжүүлэх тухай тогтоол гарган радио спорт, радио сонирхогчдын эгнээг өсгөн нэмэгдүүлэх, тэдний зохион бүтээх авъяас чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Манай богино долгиончдоос анх Б.Дамбий JT1AG, Ч.Сүрэн JT1AH, Наяа JT1YL, И.В.Арсьентев JT1AN нар БНМАУ-ын Спортын мастер болсон байна. 1974 онд Л.Даш JT1AT Олон улсын тэмцээнд амжилттай оролцон ангилалдаа Ази тивийн хэмжээнд 1-р байр, Төв клуб - JT1KAA 2-р байр эзлэн улмаар манай богино долгиончид олон улсын хэмжээнд тогтмол өндөр амжилт үзүүлэх болсон байна. 1960-аад оны сүүлчээр, UW3DI загварын трансиверийг Б.Дамбий JT1AG хийн угсарч ашиглажээ. Энэ нь монгол хүний гараар хийгдсэн анхны трансивер юм. Тухайн үед Монголын богино долгиончид ихэвчлэн 40 ваттын нэвтрүүлэгч ашиглаж байжээ. Түүнээс хойш Радио хийцийн тамирчин СМ Д.Цэрэндорж, JT1AI уг трансиверийг үргэлжлүүлэн хийж байв. Мөн богино долгионы ажиглагчын дуудлага буюу JT1-2-ыг Х.Туул, JT1-3-ыг Х.Сампилдэндэв, JT1-4-ыг Болд нар анх авч байсан ба энэ гурав гурвуулаа Гавьяат дасгалжуулагч Б.Дамбийгийн шавь нар юм. Хожим нь ажиглагчын дуудлагыг өөрчилсөн ба шинэ JT1-101 дуудлагыг Т.Сүхбаатар авсан байна. 1963 онд ЗХУ-ын богино долгионч Белоусов JT1CA Монголоос анх SSB горимоор холбоо барьсан ба тэрээр Монголд анх штырь буюу Ground Plane антенн, И.В.Арсьентев JT1AN чиглэлийн “Квадрат” антенн хийжээ. Ховд аймагт JT4KAA, Хөвсгөл аймагт JT3KAB, Өвөрхангай аймагт JT2KAA зэрэг клуб станцууд мөн Дорнодын радио клуб ажиллаж байв.
МРСХ-оос 1971 онд Ардын Хувьсгалын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан Богино долгионы Олон улсын тэмцээнийг анх удаа Социалист орнуудын хүрээнд зохион байгуулж амжилттай явуулсан байна. Уг тэмцээний тэргүүн байрт UA3KAO шалгаран Цом бусад шагнал хүртэжээ. Энэ тэмцээний цомыг БНСВУ-д цэвэр мөнгөөр захиалан хийлгэж байв.
1962 оноос эхлэн социалист орнууд “Радио олон төрөлт” хэмээх спортын нэг шинэ төрлийг бий болгон үүгээр Олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах болсон байна. Спортын энэ шинэ төрлийг 1964 оноос эхлэн хөгжүүлсэн ба 1965 онд Болгар улсын Варна хотод болсон Олон улсын тэмцээнд анх удаа оролцсон ба 1971-74 онуудад уг тэмцээний шагналт байранд орж байлаа. 1969 онд Ленинград (хуучин нэрээр) хотноо болсон Радио олон төрөлтийн тэмцээнд М.Мэндээ JT1CZ, П.Батсайхан, Ц.Гантулга JT1AA нар оролцон багаараа 2-р байранд орсон байна. Мөн үеэс Радио олон төрөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол явуулж ирсэн байна.
Үнэг агналтын буюу Радио пеленгац, радио хийцийн спорт мөн энэ үеэс хөгжиж эхэлсэн ба 1973 онд Болгар улсад болсон ах дүү социалист орнуудын пионер сурагчдын техник спортын тэмцээнд сурагч Д.Дашцэрэн Радио пеленгацын төрөлд оролцон хүрэл медаль, 1974 онд Чехославак улсад болсон тэмцээнд сурагч Ж.Болдбаатар Радио хийцийн хурдан угсралтын төрөлд түрүүлэн алтан медаль, нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзлэн мөнгөн медаль хүртэж байсан байна. МРСХ-ны Радио пеленгацын дасгалжуулагчаар Дагдандорж, Г.Баасанжав, Чимэдцэрэн, Б.Баатар JT1BB, Г.Өлзийсайхан, Д.Цогтбаяр, Д.Жаргалсайхан, П.Гэрэлчулуун JT1BK, Г.Бэхбаатар, Ц.Энхдэлгэр, Э.Майбаяр, М.Уртнасан нар ажиллаж байв.
1980-90 онд Радио спорт манай улсад улам эрчимтэй хөгжсөн ба 1988 онд Спортын төв клубт Унгарын БХТН-ийн тусламжаар 11 өрөөг радио спортын техник хэрэгслээр иж бүрэн тоноглон тохижуулан энэ спортыг хөгжүүлэх материаллаг баазын хувьд эрс сайжирсан байна. 1990 онд РСТК-ын дэргэд Спортын аппарат техник зохион бүтээх төв байгуулан инженер П.Ганхуяг, Радио пеленгацын дасгалжуулагч Д.Цогтбаяр нар ажиллан радио спортын техник хэрэгслүүдийг олон тоогоор үйлдвэрлэн хот, хөдөөгийн Радио спортоор хичээллэгчдийн хэрэгцээг хангах болсон байна.
Ийнхүү радио спортын бүх төрлүүд БНМАУ-д үүсэн хөгжиж дээрх багш дасгалжуулагч нарын удирдлагын дор богино долгион, хурдач радист, радио хийц, радио пеленгац, радио олон төрөлт зэрэг спортоор олон хүүхэд залуучууд хичээллэж, улсын хэмжээнд уралдаан тэмцээн тогтмол зохион явагдаж спортын өндөр зэрэгтэй олон тамирчид төрөн гарсан байна. Сонирхогчдын радио холбооны С.Баатар JT1BG, Ч.Чадраабал JT1CO, С.Сүрэнжав, JT1BH, П.Намбар JT1AU, Т.Наранбаатар JT1BV, Б.Энхбаяр JT1DA, Ш.Чулуунбат JT1CH, Ж.Сүхээ JT1BZ, Өндөр хурдны телеграфын Н.Төмөрчөдөр, Т.Сүхбаатар, Ж.Алиманцэцэг, Д.Мижиддорж JT1CP, И.Эрдэнэбат, Ц.Гантулга JT1AA, Д.Лхагвасүрэн, Ж.Дөшбат, Б.Батчулуун, Х.Батдорж, Э.Чинзориг, У.Удаахцэцэг, Д.Сувд, Н.Болорцэцэг, Д.Цэнд-Аюуш, О.Алтантуяа, Ц.Болдбаатар, Радио пеленгацын П.Гэрэлчулуун JT1BK, Авирмэд, Лхагвадорж, Д.Энхтуяа, Г.Дамдинсүрэн, Г.Бэхбаатар, Э.Энх-Очир, Э.Майбаяр, А.Ариунаа. А.Халиунаа, Э.Мөнхдэлгэрэх JT1MD, М.Сумъяа, Э.Ганбаатар, Г.Мөнхбаяр зэрэг өндөр зэрэглэлийн тамирчид төрөн гарч Тив дэлхийн болон олон улсын тэмцээнүүдэд оролцон алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
Өндөр хурдны Телеграфын 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ С.Буянтогтох Хүрэл медаль, 2018 оны ДАШТ-ээс С.Буянтогтох Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатар Хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд Ш. Одончимэг Уламжлалт 3.5МГц-ийн төрөлд W35 ангилалд хувийн дүнгээр Хүрэл медаль, мөн ангилалд багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар Хүрэл медаль хүртжээ. Манай тамирчдын хүртсэн эдгээр Алт, Мөнгө, Хүрэл медалиуд нь радио спортын энэ хоёр төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монголын анхны медалиуд юм. ОУХМ С.Буянтогтох нь Өндөр хурдны Телеграфын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны Ази тивийн эмэгтэй тамирчин болсон юм.