Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өчигдөр Төрийн ордонд шагнал гардууллаа.
"Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх оролцсон түүхтэй. Үүнээс хойш хагас зууны дараа, цар тахлын үед зохиогдсон “Токио-2020” зуны олимпын наадамд манай тамирчид амжилттай оролцлоо. Амаргүй сорилт дундаас манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсанд" Ерөнхий сайд баяр хүргэлээ. Улмаар “Токио-2020” наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг шагнал, мөнгөн шагналаар урамшуулав.
Мөн олимп, паралимпын наадамд олон улсын шүүгчийн эрх авч шүүгчээр ажилласан шүүгч нарт Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 240, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 292 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн мөнгөн урамшуулал, Ерөнхий сайдын батламж гардуулав.
Үүнд “Токио-2020” паралимпын наадамд триатлоны шүүгчээр ажилласан Б.Цагаанбаатар багтаж, мөнгөн урамшуулал, Монгол Улсын Ерөнхий сайдын батламж гардан авлаа.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.